УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.30/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцлээ.
2019 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт ”Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” хэмээн заасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03-р сарын 28-ний өдрийн хуралдаанаар тус хуулийн заалт нь Монгол Улсын Үндсэн Хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн байна.
Тус шийдвэрт “1.Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн байна.” хэмээн ҮХЦ дүгнэсэн байна.
Тэгвэл өнөөдрийн ХЗБХ болон ТББХ-ны хуралдаанаар Цэцийн тус дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж гишүүдийн олонх үзлээ.
UIH.mn