УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авлаа
2025-05-01

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.01) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр танилцууллаа.

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг саналаа нэгтгэх шаардлагатай байгаа учраас гурван өдрийн завсарлага авах хүсэлтээ бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцуулсан. 

АН-ын бүлгийн 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 5 дугаар сарын 1-ээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас амаар уучлал гуйх шаардлага гаргасан бөгөөд эс бөгөөс УИХ дахь АН-ын бүлэг бүх асуудалд завсарлага авч, хуралдаандаа суухгүй байх шийдвэрийг бүлгийн хурлаас гаргасан. Тэгвэл тус шаардлагыг өнөөдөр бүлгийн дарга О.Цогтгэрэл чуулганы хуралдаанаас завсарлага авахдаа мөн дурдлаа.

Монгол улсын их хурлын тухай хуулийн 30.1.5 дахь хэсэгт намын бүлэг нь  “нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах” эрхтэй хэмээн хуульчилсан байдаг бөгөөд дэгийн хуулиар энэ нь ажлын 5-аас илүүгүй өдөр байх бөгөөд шаардлагатай бол 3-аас илүүгүй өдрөөр сунгаж болно хэмээн заасан байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх шаардлагатай гэж үзээд хэлэлцэх асуудал тус бүрд нэг өдрийн завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ.

Иймд үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав, үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэнэ

UIH.mn

Сэтгэгдэл