Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.02) нэгдсэн хуралдаан Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүлсэн. Энэ асуудлаар мөн л Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Пүрэв гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр нэг өдрийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дуусаж, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс сунгах хүсэлт ирүүлээгүй тул хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдааны үеэр төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 88 гишүүний 52 нь буюу 59.1 хувийн саналаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.