Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.02) нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.
Байнгын хороо 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг бол бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл төсөл дэх нэр томьёотой холбоотой байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн экологи эрс өөрчлөгдөж буй энэ цаг үед аймгуудын ургамлын төрөл зүйл, амьтны аймгийн тооллого, бүртгэл явуулсан эсэхийг асууж, ажлын хэсгээс хариулт авав. Дараа нь зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.