Д.Лүндээжанцан: Иргэний нийгэм төлөвшөөгүй бол ардчилал төгс бус болно
2022-01-12

     Хууль тогтоогчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарын төлөөллүүдийг оролцуулсан “Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө-30 жил” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газар, Хэвлэлийн хүрээлэн хамтран өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нарын цахим илтгэлийг оролцогчдод танилцуулав. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ хэвлэл мэдээллийн салбар чөлөөт тогтолцоонд дасан зохицох үе шатаа туулан, техник, технологийн шинэ нөхцөл байдал, хэрэглэгчдийн шинэ үетэй нүүр тулан учирч, уламжлалт сэтгэлгээ өөрчлөгдөн, нийгмийн харилцаа хөгжихийн хэрээр хууль тогтоомжоо ч шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна гээд парламентаас сэтгүүлчидтэй хамтран тодорхой арга хэмжээ зохион байгуулахыг онцлов. Мөн хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын арга механизмуудыг хэвшүүлж, маргаан гарсан тохиолдолд сэтгүүлч болон бусад талыг шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлдэг, иргэний няцаах эрхийг хангадаг зэрэг шинэ тогтолцоо бүрдүүлэх нь чухал талаар тэмдэглэлээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан “Монгол Улс дахь ардчиллын хөгжил ба Үндсэн хууль” сэдвээр илтгэл тавилаа. Түүний илтгэлд дурдсан онцлог хэсгүүдээс хүргэе.

  • Үндсэн хууль бол төрийн эрх мэдлийн төвлөрлийг задалж, эрх мэдлийн харилцан хяналт тэнцлийг бий болгох замаар хүний эрхийг хамгаалах улс төр, эрх зүйн гол арга хэрэгсэл
  • Дэлхийн анхны бичмэл Үндсэн хуулийг XVII зуунд баталсан
  • Ардчилсан тогтолцооны үед эрх мэдлийн тулгуур эх сурвалж нь иргэд
  • Үндсэн хууль нь ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйлийг үндсэн зарчим хэлбэрээр илэрхийлдэг
  • Үндсэн хуульд хувь хүний эрхийг жагсаан тунхаглахдаа бус, харин төрийг, түүний эрх мэдэл бүрийг нэгбүрчлэн хуульчлах нь түүний гол цөм болдог
  • Хүний бүх эрхийг Үндсэн хуульд жагсааж бичиж чадахгүй. Манай Үндсэн хуульд тусгасан 17 эрх бол хангалттай стандарт түвшинд хүрсэн. Харин үүнийг хэрэгжүүлэх нь чухал
  • Эрх мэдлийн хуваарилалт байхгүй бол хүний эрх, эрх чөлөө баталгаагүй, иргэний нийгэм төлөвшөөгүй бол ардчилал төгс бус болох тул өнгөрсөн хугацаанд нэлээд бартаатай саад замыг туулж олсон ардчиллаа төгөлдөржүүлэхэд Үндсэн хуулийн өнөөгийн үнэлэмж чиглэж байгаа  
  • Төр нь иргэний нийгэмтэй, төв засаг нь нутгийн удирдлагатайгаа эрх мэдлээ тэнцвэржүүлээгүй бол эрх мэдлийн дарангуйлал, төвлөрөл бий болох, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх аюултайг судлаачид сануулдаг  
  • Манай ардчилал бүрэн дүүрэн, төгс төгөлдөр болж хараахан чадаагүй ч төр, засгаа ардчилсан, шударга сонгуулиар байгуулахад оролцох замаар Монгол Улсын иргэд төрөө барих эрхээ хэрэгжүүлж байна. 
  • Парламентын засаглал нь Үндсэн хуульт ёс, эрх зүйт төрийн оршин тогтнох үндсэн хэлбэр, харин чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцаа нь ардчиллын материаллаг үндэс суурь нь гэж судлаачид үздэг.   
Сэтгэгдэл