УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2025.05.07/ 09 цагт Үндсэн хууль танхимд 76 хувийн ирцтэй эхэллээ.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Сонсголыг УИХ-ын гишүүн Г.Дамдинням даргалж, сонсголын дэг болон Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулсан.
Монгол Улсын Ерөнхий Аудиторын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэн нь 1975 онд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 50 настай Төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 12 жил ажилласан. Тэрээр МУИС-д эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан, Хөдөлмөрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд төрийн нарийн бичгийн даргын албан тушаал эрхэлж байсан туршлагатай аж.
Нэр дэвшигчтэй холбогдуулан иргэд болон ИНБ-ын төлөөлөл “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын захирал Т.Амарзаяа, “Үнэн хатамж ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа нар асуулт асууж хариулт хэллээ.
Сонсгол гишүүдийн асуулт, саналаар үргэлжилсэн. Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, Т.Аубакир, Р.Батболд, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Батбаяр, Б.Заяабал, Ж.Баясгалан, З.Мэндсайхан, Г.Ганбаатар, Д.Батлут нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, үйл ажиллагааныхаа чиглэлд улс төрөөс хараат бус байдлыг хэрхэн хангаж ажиллах, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн тулд аудитын байгууллага нээлттэй байхад баримтлах зарчмын талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир аудитын байгууллага санхүү, гүйцэтгэлийнхээ хяналттай зэрэгцүүлээд нийцлийн аудит хийхэд анхаарах шаардлагатай талаар байр суурийг нь сонирхож байлаа.
УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Ерөнхий аудитор шүдгүй арслантай ижил байдаг. Та бүхэн хяналт шалгалт хийж, алдааг илрүүлсэн ч өнөө хүмүүс нь харин ч албан тушаал ахиад байдаг. төсвийн ерөнхийлөн хянагч нартай холбоотой олон дүгнэлтийг таны удирдах байгууллагаас гаргадаг ч хэн ч ямар ч хариуцлага хүлээдэггүй. Та нар хэзээ шүдтэй арслан болох вэ?"
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: Засгийн газар цомхон төрийг бий болгоно гэсэн үндсэн санаа дэвшүүлж байгаа боловч бодит байдал тийм биш байна. Засгийн газар, салбар яамдын чиг үүрэгтэй давхцал бүхий үндэсний хороодыг байгуулж байна. Аудит гүйцэтгэлийн болон нийцлийн аудит гэдгийг анхаарч ажиллах хэрэгтэй. Аудитаар гарсан дүгнэлтийг хэрэгжүүлэх чиглэлд хариуцлагагүй ажилладаг. Мөн засгийн газрын тусгай сангуудад анхаарч ажиллах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Аудитын дүгнэлт их тулгуу ирдэг, уншиж судлах цаг олгодоггүй. Нийслэлд 36 км замыг 2.4 их наяд төгрөгөөр барих гэж байна. Тэгэхээр нэг км замын өртөг нь хэдэн тэрбум төгрөг байх вэ? Иймэрхүү замбараагүй байдал газар авлаа. Улсын төсөв тэлж байгаа нь сайн хэрэг боловч аудит зардлыг хэрхэн зарцуулж байгаад анхаарч ажиллаарай. Аудит сайн ажилласан бол ногоон автобусны хэрэг гарах байсан уу? Энэ нь аудитын байгууллага улс төрөөс ямар их хамааралтайг харуулсан.
УИХ-ын гишүүн Б.Заяабал: Гүйцэтгэлийн болон Нийцлийн аудит дээр нийгмийн захиалга, олон нийтийн ашиг сонирхлыг хангасан сэдвүүд дээр онцгой анхаарч ажиллах нь зөв. Аудитын ерөнхий газар нь УИХ-тай нягт хамтран ажиллах шаардлагатай байна. Олон улсын аудитын байгууллагыг судлан, тэдгээрийн жишгийг нэвтрүүлэхэд анхаараарай.
Нэр дэвшигч С.Магнайсүрэн аудитын байгууллагын үйл ажиллагаахиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн хөгжил дэвшилд суурилсан арга зүйг ашиглах, цахим аудитын тогтолцоо бий болгож хөгжүүлэхээ цохон тэмдэглэсэн. Түүнчлэн Аудитын хараат бус байдал нь үйл ажиллагааных нь үндсэн гол амин судас байдаг. 2000 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Уг хууль нь аудитын хараат бус байдлын эрх зүйн орчныг хангахад чиглэсэн. Өнөөдрийн нөхцөлд төрийн аудитын байгууллага хараат бусаар ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Хууль зүйн хувьд хараат бус ажиллах бүх нөхцөл, бололцоо хангагдсан тул улс төрийн нам болоод бусад субъектээс үл хамаарч, хараат бусаар ажиллах боломжтой гэв.
Мөн иргэнийхээ зүгээс ч, УИХ-аас томилогдвол энэ чиглэлийн үүрэг хүлээсэн албан хаагчийн хувьд ч аудитын ил тод, нээлттэй байдал чухал асуудал гэдгийг тодотгоод цаашдаа аливаа зөрчил, хохирлыг төлүүлэхээсээ илүүтэй эрсдэлийг бага түвшинд байлгахад онцгойлон анхаарч ажиллана гэж байлаа. Мөн тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу санхүү, гүйцэтгэл, нийцэл гэсэн гурван аудитыг хийдэг. Нийгэм, эдийн засаг хөгжиж, төсөв тэлж байгаа энэ цаг үед аудитын гүйцэтгэх чиг үүрэг өсөж байна. Өнөөдөр санхүү, гүйцэтгэлийн аудитыг нийцэлтэйгээ хамт хийх асуудлыг хуулиар зохицуулсан хүрээнд явуулж байгаа. Нийцлийн аудитад онцгойлон анхаарч, хэрэгжилтийг нь хангах нь чухал гэдэгтэй санал нэг байна гэдэгээ илэрхийллээ.
Нэр дэвшигчийн сонсгол дууссаны дараагаар үргэлжлүүлэн сонсголын тайланг хэлэлцэхээр Төсвийн байнгын хороо хаалттай хуралдахаар боллоо.
UIH.mn