ҮХЦ-ийн 4-р дүгнэлтийг хүлээж авах эсэх санал хураалтыг хойшлууллаа
2025-05-08

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.08) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцлээ.

2019 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт ”Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн  санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” хэмээн заасан байна.

Тэгвэл ҮХЦ-ийн 4-р дүгнэлтэд  “1.Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн байна.” хэмээн ҮХЦ дүгнэсэн байна.

Тус дүгнэлтийг УИХ-ын  ХЗБХ болон ТББХ-ны хуралдаанаар хүлээж авах боломжгүй гэж  үзсэн байна. 

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Х.Баасанжаргал, Д.Бум-очир, А.Ганбаатар, О.Номинчимэг, Б.Найдалаа цэцийн дүгнэлийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэн саналаа илэрхийлсэн бол А.Ариунзаяа,  Л.Мөнхбаатар, С.Зулпхар, Д.Амарбаясгалан, Б.Батбаатар нар тус шийдвэрийг хүлээж авах ёсгүй гэж байр сууриа илэрхийллээ.

Тус асуудлаар улс төрийн намууд ахин хэлэлцэх, гишүүд мэдээлэл авах, нэгдсэн байр суурьтай байх шаардлагатай гэж үзэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан санал хураалтыг ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа.

UIH.mn

Сэтгэгдэл