Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.14/ хуралдаанаар Засгийн газраас 202 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хууль, тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.
Манай улсын эдийн засаг 2024 онд 4.9 хувиар өсөж, нэрлэсэн ДНБ 80 их наяд төгрөгт, нэг хүнд ноогдох ДНБ 6898 ам.долларт хүрсэн. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6.0, 2027-2028 онд 6.5 хувь тус тус байхаар тооцож тусгалаа. Дунд хугацаанд зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, алт зэрэг голлох бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийн өсөлтийн нөлөөгөөр уул уурхайн салбарын өсөлт тогтворжих бол, хөдөө аж ахуй, худалдаа, үйлчилгээ боловсруулах болон барилгын салбарын өсөлтийн нөлөөгөөр уурхайн бус салбарын өсөлт 6.0 хувиас дээш буюу тогтвортой хадгалагдахаар тооцож байгааг Шадар сайд танилцуулгадаа дурдлаа.
Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагын хэмжээг 2026 онд 33.5 их наяд төгрөг, 2027 онд 35.6 их наяд төгрөг, 2028 онд 39.1 их наяд төгрөг байхаар тусгалаа. Тодруулбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагыг 2026 онд ДНБ-ий 31.7 хувь, 2027 онд 30.4 хувь, 2028 онд 29.6 хувь болж үе шат шаттай бууруулахаар төлөвлөсөн. Төсвийн зардлын нийт эдийн засаг дахь харьцааг ийнхүү хязгаарласнаар цаашид эрэлтийн гаралтай инфляцын дарамтыг бууруулах, ингэснээр зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэх, эдийн засаг дахь төрийн оролцоо багасах, хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэх зэрэг бодит ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2026-2028 онд алдагдалгүй байхаар нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2026 онд ДНБ-ий 3.0 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай, 2026-2027 онд тус тус ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байхаар тооцож тусгасан байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангасныг дурдахын зэрэгцээ Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг Шадар сайд танилцуулгадаа онцлов.
Хууль тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан үг хэлж, асуулт асуух гишүүн байгаагүй тул хоёр саналын томьёоллоор санал хураалтыг явууллаа. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг болон Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов