Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.14/ хуралдаанаар Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг хэлэлцсэн. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн уг тайлангийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг гишүүдэд тараасныг мэдэгдлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тайлангийн талаар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 26 дугаар тогтоолоор 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг баталсан. Энэхүү стратегийн баримт бичгийн хүрээнд дунд хугацаанд өрийн удирдлагын чиглэлээр баримтлах үндсэн 6 зорилт, 23 хэрэгжүүлэх арга хэмжээ болон Засгийн газрын өрийн багцын 4 зорилтот түвшнийг тодорхойлсныг онцлов.
Мөн стратегийн баримт бичигт туссан зорилтуудын хүрээнд тайлант хугацаанд авч хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээнүүдээс товч танилцуулав. Тодруулбал, “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэмэлт санхүүжилт”, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”, “Хилийн үр бүтээмжийг сайжруулж тогтвортой худалдааг дэмжих төсөл” зэрэг бодит эдийн засгийн салбарт чиглэсэн төслүүдийн санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэсэн. Засгийн газрын гадаад үнэт цаасны хувьд Сенчири-2, Сенчири-3, Сенчири-4 зэрэг нийт 1.5 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулсан. Мөн арилжааны нөхцөлтэй бондын үлдэгдлийг 2023 оноос хойш 238 сая ам.доллароор бууруулснаар 2.5 тэрбум ам.доллар болсон. Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д эзлэх хувь буурч, төлбөрийн дарамт багассан, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирсан зэргийг үнэлэн, зээлжих зэрэглэл тогтоогч олон улсын гол гурван агентлаг болох Фитч, Эс энд Пи, Мүүдис агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В+, B2 болгон нэмэгдүүлсэн гэж байлаа.
Түүнчлэн Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төлөх байсан 29 сая еврогийн гадаад зээлийн төлбөрийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлж, эрүүл мэндийн салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор Өр хөрвүүлэх хэлэлцээрийг Германы KFW банк болон Глобаль сантай байгуулсан. Зах зээлийн хөгжлийг дэмжиж, хөрөнгийн зах зээлд төгрөгийн суурь хүүгийн түвшнийг тогтоох зорилгоор 2025 оны 4 дүгээр сараас дотоод үнэт цаасны нээлттэй арилжааг эхлүүлээд байна. Стратегийн томоохон төслүүд болох “Чойбалсан дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөх”, “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах ” зэрэг төслүүдэд Засгийн газрын өрийн баталгаа гаргасан гэж байлаа.
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг хэрэгжүүлснээр Засгийн газрын өр 2024 оны жилийн эцсийн байдлаар 33.4 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 41.8 хувьтай тэнцэж, 2022 оны жилийн эцсээс 18.7 хувиар, хүүгийн төлбөрийн төсвийн орлогод эзлэх хэмжээ 0.7 хувиар тус тус буураад байгааг Шадар сайд танилцуулгадаа дурдахын зэрэгцээ Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд бүрэн дуусах бөгөөд Сангийн яамнаас стратегийн баримт бичгийн зорилт, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх, өрийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд шаардлагатай арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг тодотголоо.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр 2024 онд 11, нийтдээ 21 гэрээ байгуулсны дотор Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг өргөтгөх төслийн санхүүжилтэд аудит хийсэн эсэхийг лавласан. Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням хариултдаа, Засгийн газрын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн аудитын хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөх ажлын төслийн өрийн баталгааг Засгийн газраас гаргаж, хэрэгжүүлэхээр орсон. Энэхүү төслийн хөрөнгө оруулалтын ажлын тайлан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын нэгдсэн тайлангийн хөрөнгө оруулалтын хэсэгт тусгаж тайлагнана. Тайлан хараахан бэлэн болоогүй байна гэж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал гадаадын зээл, тусламжуудыг өөрийнхөө үйл ажиллагаагаар зээлийнхээ хөрөнгийг эргүүлээд хаах хэмжээний боломжтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зарчимд Засгийн газар ямар байр суурьтай байгааг тодруулж байв.
Өрийн удирдлагын стратегийг авч хэрэгжүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д эзлэх өрийн харьцааг тогтмол бууруулсан. 2024 оны жилийн эцсийн байдлаар ДНБ-д эзлэх өрийн үлдэгдэл бол 41.8, 2025 оны 1 дүгээр улиралд 37.2 хувьтай байгаа бөгөөд 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 41 хувьд өрийнхөө харьцааг барих зорилттой байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн тааз ДНБ-ий 60 хувьд байна гэж заасан. Батлагдсан байгаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд 2025 онд 55, 2026 онд 50 хувь байх, 2027 оноос хойш 45 хувьд барих энэ зорилтыг хэрэгжүүлж байна. 2025 оны батлагдсан төсөвт гадаад зээлийн ашиглалтын хэмжээ нийт 1.5 их наяд төгрөг байгаа хэмээн Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга хариулав.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, гадаад зээлийн гэрээ, хэлэлцээрийн хүрээнд авсан ашиглаагүй зээлийн хэмжээнд тооцогдох хүүгийн шимтгэлд мөнгө төлж буй асуудлыг цэгцлэх шаардлагатайг дурдаж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, гадаад зээлийн гэрээ, хэлэлцээрийн хүрээнд авсан ашиглаагүй зээлийн хэмжээнд тооцогдох хүүгийн шимтгэлд мөнгө төлж буй асуудлыг цэгцлэх шаардлагатайг дурдаж байлаа.
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн хариултдаа, Үндэсний аудитын газраас “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт”-д аудит хийснийг дурдаад уг тайланд 14 чиглэлээр дүгнэлт гаргаж, найман зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид Д.Цогтбаатар гишүүний хөндсөн асуудлыг тусгасан. Тухайлбал, 2023 онд 12.1 тэрбум, 2024 онд 39.4 тэрбум төгрөгийг гадаад зээлийн гэрээ хэлэлцээрийн хүрээнд авсан ашиглаагүй зээлийн шимтгэлд төлсөн байна. Иймд гадаад зээлийг авч хэрэгжүүлэхдээ төсөл, хөтөлбөрийн бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай гэсэн зөвлөмжид тусгасан хэмээн нэмэлт тайлбарыг өгөв.