Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.16) нэгдсэн хуралдаанаар “ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ” хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явагдлаа.
Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжсэн боловч нийт гишүүдийн олонхын саналыг авч чадсангүй. Ингэснээр гурил, улаан буудайг гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг хүчингүй болгох агуулга бүхий хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа.
Тус үйл явдалтай холбогдуулан ХХӨХҮ сайд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлд: “Улсын Их Хурал Монгол улсын хөдөө аж ахуйн тулгуур салбар болсон газар тариалангийн үйлдвэрлэлийн түүхэнд хараар бичигдэх шийдвэр гаргалаа. Монгол улс улаан буудай, үр тариан үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэж бодлого гаргаж байна. Энэ бол Монгол улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой харшилсан шийдвэр юм. Энэ шийдвэрийг гаргахад УИХ-ын дарга өөрийн санаачилгаар хуулийн төслийг унагах ажлыг зохион байгуулж байгаад сэтгэл хангалуун бус байна. Өнгөрсөн парламентаар баталсан энэ хуулийн үр дүнд Монгол улсын газар тариалан эрс унаж, гурил үйлдвэрлэл хүчтэй багассан. Олон сая доллараар гаднаас гурил авдаг болсон. Түүнийг засаж залруулах гэсэн бодлогыг УИХ дэмжсэнгүй.” гэлээ.
UIH.mn