АН-ын бүлгийн даргыг ажиллах орчноор нь хангахгүй байна гэв
2022-01-14

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхлэхээс өмнө АН-ын бүлгийн гишүүд бүлгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой санал хэллээ. Бүлгийн гишүүн О.Цогтгэрэл “Шинээр сонгогдсон манай бүлгийн даргыг өрөө, тасалгаа, сандал, ажиллах орчин, хурал зарлах боломжоор нь хангахгүй гурван сарыг өнгөрөөлөө. УИХ-ын тухай хуулийн 14.3-т зааснаар УИХ-ын дарга нь нам, эвслийн бүлэг, байнгын хороодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй. Үүнд заасны даргуу УИХ дахь АН-ын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгөхийг шаардаж байна” гэв.  

     Харин УИХ-ын дарга Г.Занданшатар үүнд хариулахдаа “АН-ын бүлгийн гишүүдэд анхааруулж хэлэхэд төрийн үйл ажиллагааг хэвийн явуулна шүү. Нам доторх албан тушаалын маргаанаа өөрсдөө шийдвэрлэ. УИХ-ын үйл ажиллагаа бол УИХ-ын тухай хуульд зааснаар хууль тогтоох, төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг тогтоох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах явдлыг хэлж байгаа юм. Энэ талаар УИХ-ын Тамгын газраас дүгнэлт гаргаж, ирүүлсэн” гээд уг албан бичгийг уншиж танилцуулав.

     Албан бичигт “Үндсэн хуулийн 24.1-т тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг гэсэн ойлголтыг хуульчилсан. Үүний дагуу сонгуулийн дүнд бий болсон бүлгийн үйл ажиллагааг УИХ-ын тухай хуулийн 31, 32, 33, 34 дүгээр зүйлээр зохицуулж байна. УИХ-ын 2020 сонгуулийн үр дүнд АН-аас 11 гишүүн сонгогдсон. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд УИХ-д нам, эвслийн бүлэг байгуулагдсан тухайгаа мэдээлэх зохицуулалтыг тусгасан. Уг хуулийн 24.2-т заасны дагуу АН-аас 2020 оны долдугаар сарын 1-нд бүлэг байгуулсан тухай шийдвэр, гишүүдийн хамт ирүүлснийг УИХ-ын дарга нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулсан. Хуульд үүнээс өөр зохицуулалт байхгүй. Гэхдээ АН, АН-ын бүлэг, бүлгийн зарим гишүүнээс хоорондоо зөрчилтэй, нэг нэгнээ үгүйсгэсэн бичгүүд ирүүлж, УИХ-ын үйл ажиллагаанд ойлгомжгүй байдал үүсгэж байна. Жишээ нь, АН болон АН-ын бүлэг тус тусдаа өөрийн гэсэн бланк, тамга, тэмдэгтэй, нэр бүхий долоон гишүүн Б.Бейсений бланк, тамгатай бичгийг ирүүлсэн. АН-ын бүлэг өөрийн намын дотоод дүрэм, журам, соёлынхоо хүрээнд болон шүүхээр асуудлаа эцэслэн шийдвэрлүүлсний дараа хуульд заасны дагуу УИХ-д хандах нь зүйтэй. УИХ-ын даргын хувьд АН-ын дотоод зохион байгуулалтын талаарх аливаа мэдэгдэл, шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах боломжгүй бөгөөд тийм хуулийн зохицуулалт байхгүй” гэжээ.

     Дараа нь дарга Г.Занданшатар “Цөөнхийг хүндэтгэх ёстой. Цөөнх дотроо цөөнхийг хүндэтгэх ёстой. Энэ бол ардчиллын үндсэн зарчим гэдгийг санаж, дотооддоо асуудлаа шийдвэрлэ. Цөөнхийнх нь хувьд аль болохоор дэмжиж ажиллаж байна. Болохгүй бол та нарыг нэг өрөөнд оруулж, цоожилдог юм уу. Хоорондоо учраа олцгоо. Хүлээж авч уулзаад гаргалгаа шийдэл гаргахад бэлэн байна” гэсэн юм.


  

Сэтгэгдэл