Нийтийн Эрх Ашгийн Сангаас Цогц Хөгжлийн Үндэсний Төв болон Монгол Улсын Их Сургуультай хамтран “Нийтийн эрх ашиг: Аюулгүй байдал ба иргэний нийгэм” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний Лхагва гарагт зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллагын төлөөлөл, судлаачид, хүний эрх, байгаль орчин, жендэрийн тэгш байдал зэрэг чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, сэтгүүлчид, судлаачид болон бусад сонирхогч талууд оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Цогц Хөгжлийн Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар үг хэлэв. Үүний дараа Нийтийн Эрх Ашгийн Сангаас боловсруулсан “Нийтийн эрх ашгийг тодорхойлох судалгааны үр дүн”-г танилцуулсан бөгөөд судалгаанд үндэслэн үндэсний хэмжээнд тулгамдаж буй аюулгүй байдлын асуудал болон иргэний нийгмийн оролцооны талаар панел хэлэлцүүлэг өрнүүлэв.
Эхний панел хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа, Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа, Цагдаагийн Ерөнхий Газрын олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр нар оролцож, Монгол Улсын аюулгүй байдлын сорилт болон иргэний нийгмийн гүйцэтгэх үүргийн талаар байр сууриа илэрхийллээ. Үүний дараа төрийн шагналт, түүхийн ухааны доктор, профессор О.Батсайхан “Монголчууд эвлэлдэн нэгдсэний хүчинд эрх чөлөө, тусгаар тогтнолоо олсон түүхийн тухайд” сэдвээр, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, түүхийн ухааны доктор Н.Алтантөгс “ХХ зууны иргэний оролцооны түүхэн тойм” сэдвээр тус тус илтгэл танилцуулав.
Хоёр дахь панел хэлэлцүүлэгт МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал, МИДАС төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Энхжаргал, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Г.Галтайхүү нар иргэний нийгмийн хөгжил, аюулгүй байдлын оролцогч болохын ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцлаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдын дунд чөлөөт хэлэлцүүлэг, асуулт хариултын хэсэг зохион байгуулагдаж, хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг нэгтгэн олон нийтэд хүргэх юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь төр, иргэний нийгэм, судалгааны байгууллага болон олон нийтийн хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлж, нийгмийн хөгжлийг дэмжихэд нийтийн эрх ашгийн ач холбогдлыг ухааруулах чухал алхам болно гэж зохион байгуулагчид онцолж байна.