Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдаан (2025.06.02) хуралдаж “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих эсэх асуудлаар санал хураалтыг нууцаар, санал хураах хуудсаар явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Нууц санал хураалтыг зохион байгуулж, санал хураалтад оролцсон 23 гишүүний 17 нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг дэмжсэн санал өгсөн байна.
Түүний дараагаар чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд 118 гишүүн оролцсон. Чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууснаас гадна Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. УИХ дахь АН-ын бүлгийн нэгдсэн шийдвэрийн дагуу тус бүлгийн гишүүд санал хураалтын үеэр танхимыг орхин гарсан. Түүний дараагаар “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах нууц санал хураалтад 82 гишүүн оролцсоноос 53.6 хувь буюу 44 нь тогтоолын төслийг батлахыг дэмжсэн бол 46.4 хувь буюу 38 нь татгалзжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх боломжтой байсныг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулж, тогтоолын төсөл батлагдаагүй тул Монгол Улсын Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай тогтоол батлагдсанд тооцлоо.
UIH.mn