Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.09.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.02 цагт эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэц 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна.
Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд уг дүгнэлт, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод дээрх дүгнэлтийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн бөгөөд өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хороодын саналыг дэмжиж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.