2025 оны 10 сарын 17-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын 95-р тогтоолыг баталсан. Өнөөдөр (2025.10.20) Монгол Улсын Ерөнхийлөгч уг тогтоолд дараах үндэслэлээр бүхэлд нь хориг тавьсныг ЕТГ-ын дарга танилцууллаа. Үндэслэлдээ
“Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байвал зохино. Монгол Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно” мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн тус тус заасан.Дээрх заалт ёсоор УИХ-ын гишүүдийн анх тавьсан санал буюу Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих эсэхээр УИХ санал хурааж шийдвэрлэх ёстойг Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд салаа утгагүйгээр тусгажээ. Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар биш, төрийн байгуулалтын байнгын хорооны ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй гэсэн саналаар санал хураан хэлэлцэн шийдвэрлэсэн байна.Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, түүнчлэн үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэх заалтыг тус тус зөрчих нөхцөлийг бий болгосон байна.
Хоёрдугаарт, Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна. Монгол улсын үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ”, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.1-т “Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно” гэж тус тус заасан. Мөн Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10:00-13:00, 14:00-18:00 цагт хуралдана. Гишүүд өглөө 9 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно” хэмээн хуульчилсан байдаг. Гэтэл 2025 оны 10 сарын 16-ны өдрийн пүрэв гарагийн 9 цагаас эхлэн УИХ-ын гишүүд ирцэд бүртгүүлж эхлэсэн байх боловч 2025.10.16-ны өдөр хуралдааны ирц бүрдээгүй байна. Улмаар 2025.10.17-ны өдөр буюу баасан гарагийн нэгдсэн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр пүрэв гарагийн ирцийг үргэлжлүүлэн тооцож Улсын их хурлын нэгдсэн хуралдаан хуралдаж шийдвэр гаргажээ. Энэ нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6.2-г зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж, шийдвэр гаргасан нь чуулганы дэгийн тухай хуулийг илтэд зөрчсөн болжээ” гэв.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 46.5-д заасны дагуу хориг тавьсан бол Улсын Их Хурал түүнийг хүлээж авснаас хойш дараалал харгалзахгүйгээр тэргүүн ээлжид, ажлын 14 өдрийн дотор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээн аваагүй бол тухайн хууль, тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” хэмээн заасан байна.