Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа.
2025-12-12

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Уг төслийг Пүрэв гарагийн (2025.12.11) нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулахаар шийдвэрлээд байсан юм. Энэ дагуу дээрх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 81 гишүүний 68 нь буюу 84 хувиар дэмжив. Үргэлжлүүлэн тус хэлэлцээртэй холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолыг боловсруулан батлуулах агуулга бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Энэхүү худалдааны түр хэлэлцээр байгуулахыг ийнхүү шийдвэрлэсэн тул холбогдох бэлтгэл ажлыг хангаж, уул уурхайн бус экспортыг дэмжин, хэрэглээний сагсанд байгаа тодорхой бүтээгдэхүүний үнийг бууруулах, инфляцыг бууруулах бодлого, нөхцөл бүрдэх боломж нээгдэж байна” хэмээгээд ажлын хэсгийнхэнд баяр хүргэж, хэлэлцээрийн бэлтгэл хангах талуудад хичээж ажиллахыг хүсэв.

Улсын Их Хурлаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг баталснаар олон улсад чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд түгээмэл ашигладаг “Ерөнхий тэнцвэрийн загвар” (GTAP)-ын тооцооллын дагуу хэлэлцээр хэрэгжсэнээр манай улсын ДНБ 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1 хувь өсөх боломжтой байна. Монгол Улс хэлэлцээрийн хүрээнд ЕАЭЗХ-ны гишүүн орнууд руу 367 нэр, төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлснээр аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж, дотоодын бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны туршлага, чадварыг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болох ач холбогдолтой гэжээ.

 

Эх сурвалж: Улсын Их Хурлын хэвлэл мэдээллийн газар

Сэтгэгдэл