Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол боллоо
2025-12-26

Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал, Ц.Жавхлантөгс, Ч.Өнөржаргал нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг даргалсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны 21 гишүүний 14 нь хүрэлцэн ирснээр 10 цаг 45 минутад эхэлсэн юм. Сонсголд ажиглагчаар хоёр, оролцогчоор 10 иргэн бүртгүүлж, нэг иргэн бичгээр асуулт ирүүлсэн байна. Сонсголын дэгийн дагуу нэр дэвшигчид тус бүр 10 минутад багтаан өөрийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүй, тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хэрэгжүүлэх зорилт, хийх ажлынхаа талаар танилцуулсан юм.

Нэр дэвшигч Х.Эрдэм-Ундрах шүүх эрх мэдлийн эрх зүйн шинэчлэл, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах, “Цахим шүүх 2.0” цөм системийг хөгжүүлэх, шүүхийн дэд бүтэц, хүний нөөц, нийгмийн баталгааг сайжруулах, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн шинээр байгуулагдах Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн орчин, стандарт, мэргэшсэн шүүгч, ажилтны асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг дурдав.

Ч.Баянжаргал нэр дэвшигч шүүхийн үйл ажиллагаанд дижитал шилжилтийг эрчимжүүлэх, төрийн мэдээллийн нэгдсэн системүүдийг шүүхийн үйл ажиллагаатай уялдуулах замаар шүүгчийн ажлын ачааллыг бууруулах, шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах зорилго тавин ажиллахаа танилцууллаа.

Ц.Жавхлантөгс нэр дэвшигч хууль, шүүхийн салбарт 23 жил ажилласан туршлагадаа тулгуурлан иргэн төвтэй, хариуцлагатай, хараат бус шүүх тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллана гэв. Тэрбээр шүүхийн цахимжилтыг оновчтой хэрэгжүүлэх, шүүгчийн эдийн засгийн болон мэргэжлийн баталгааг хангах, хүний нөөцийн тогтвортой байдлыг дэмжих нь чухал болохыг онцолсон юм.

Ч.Өнөржаргал нэр дэвшигч шүүхийн хүний нөөцийн бодлого, шүүгчийн сонгон шалгаруулалтын журмыг боловсронгуй болгох, дагнасан шүүхийн тогтолцоог хөгжүүлэх, шүүхийн ил тод байдлыг хангахын зэрэгцээ шүүгчдийн аюулгүй байдлыг хамгаалахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайланг танилцуулж, гишүүд болон оролцогчид асуулт асууж, санал бодлоо илэрхийлэв. Гишүүд шүүх эрх мэдлийн бие даасан байдал, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн үүрэг, ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн юм.

Ийнхүү нийт найман цаг гаруй үргэлжилсэн нэр дэвшигчийн сонсгол өндөрлөж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу ажлын хоёр өдрийн дотор сонсголын тайлан гаргаж, тав хоногийн дотор Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулан, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр боллоо. Үүний дараа Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргах юм.

 

UIH.mn

Сэтгэгдэл