
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр /2025.12.26/ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг өргөн мэдүүлэв.
Салбарын сайд Т.Аубакир танилцуулгадаа уг хэлэлцээр нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулах эрх зүйн үндэс болохыг онцлов.
Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бүгд Найрамдах Австри Улсын Нийгмийн хэрэг, эрүүл мэнд, асрахуй, хэрэглэгчийг хамгаалах яам 2023 оноос хамтран ажиллаж, Олон улсын гэрээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохиролцсон байна. Улмаар талуудын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг бүрэн хангасны үндсэн дээр уг хэлэлцээрт 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.
Бүгд Найрамдах Австри Улс уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох дотоодын шаардлагыг 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хангаж дууссан талаараа албан ёсоор мэдэгдсэн бол Монгол Улсын Засгийн газар 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа Улсын Их Хуралд соёрхон батлуулахаар өргөн мэдүүлэх шийдвэрийг гаргасан байна.
Гадаад харилцааны яамны 2024 оны мэдээллээр Бүгд Найрамдах Австри Улсад Монгол Улсын 2668 иргэн оршин сууж байгаагаас 1696 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол манай улсад Бүгд Найрамдах Австри Улсын 30 иргэн оршин сууж байна.
Хэлэлцээрийг соёрхон баталснаар иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхөөс чөлөөлөгдөх, хоёр улсад ажиллаж нийгмийн даатгал төлсөн давхцаагүй хугацааг нэгтгэн тооцуулж, өндөр насны болон хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх, тухайн улсын хууль тогтоомжийн дагуу даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм.