Дубайн аяллын шуугиан буюу Хотын даргын суудал
2026-01-12

Мөнгөгүйгээр аялах боломжгүй. Тэртусмаа Дубай руу явах арваад хүний аяллыг зохион байгуулна гэдэг экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлдгээр амаргүй ажил. Тэдний аяллын зардал “Улсын төсвөөс гараагүй, татварын албанаас гараагүй, өөрсдөөс нь бас гараагүй” гэж Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэлсэн. Их сонирхолтой хариулт байгаа биз. Тэгээд хаанаас гарсан байж болох вэ? гэдэг асуулт хариултгүй үлдсэн. Харин Татварын ерөнхий газрын даргынхаа үгэнд оролгүй нийслэл, дүүргийн татварын албаны дарга нараа дагуулаад Дубай явсан Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар: “Нийслэлээс зохион байгуулаад бид яваад ирлээ. Зардлыг нийслэлээс зохион байгуулсан болохоор тэндээс хариулах байх. Манайх нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг. Энэ утгаараа яваад ирсэн.  Би шууд удирдлагын  хувьд дүүргийн дарга нартаа өөрөө чөлөө өгсөн. Би хариуцлагаа хүлээнэ” гэж хариуллаа.

Ингээд Дубайн аяллын зардал нийслэлээс гарсан нь тодорхой болов. Гэхдээ Нийслэл яг ямар эх үүсвэрээс санхүүжүүлсэн гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Хотын даргын  хувьд одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй ч экс Ерөнхий сайдын тал буюу үеэлийнхээ Засгийн газрын сүүлчийн түшиц газар болж үлдсэн суудал нь ганхаж мэдэх юм. Магадгүй Дубайн аяллын мэдээлэл задарч, зардал мөнгөний асуудал энэ хүртэл өндрөө авсан шалтгаан нь “дээрээс” шидсэн чулуу биз. Монгол ардын намын дотоод тэмцэл, хямрал дуусаагүй байна. Харамсалтай нь тэд дотоод тэмцэлдээ үргэлж олон нийтийг хамруулж, тэдний зовлон бухимдал дээр дөрөөлж бие биенийгээ намнах хэрэгсэл болгон ашигладаг ээлжит шуугиан нь энэ байж ч мэднэ. Үйл явдал дуусаагүй, энэ долоо хоногт үргэлжлэх нь тодорхой байна. Юу болохыг харж л байя.

Сэтгэгдэл