
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ илэрхийлсэн байна.
Тухайлбал, Замын Үүд суманд газар өмчлөх боломж хаалттай байна гэж иргэд шүүмжиллээ. Эзэмших хэлбэрээр газрын зөвшөөрөл гаргуулья гэсэн ч хүртээмжгүй байгааг хэлж байна. Иймээс Ерөнхий сайд Г.Занданшатар газартай холбоотой иргэдийн санал хүсэлтийг үндэслэж, Замын Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар шийдэв. Ажлын хэсгийг ирэх долоо хоногт Замын Үүдэд ажиллуулахаар боллоо. Түүнчлэн хил, гаалийнханы уялдаа холбоогүй байдлыг цэгцлэх үүднээс хяналтын тогтолцоог нэгдмэл удирдлагатай болгох тал дээр Засгийн газар анхаарч ажиллана гэв.

Мөн зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж буй жолооч нарт татвар ногдуулахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэж хувь хэмжээ тогтоож буйг эргэж харахыг тэдний төлөөлөл хүслээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр татвар хураамж дагаад өсч, дарамт болж буйг хэлэв.
Жолооч нарт ногдуулсан татварын хувь хэмжээг 30 хувь болгож бууруулсан төдийгүй татварын шатлалыг үгүй болгосон тогтоолыг аймгийн ИТХ баталсан. Харин тогтоол албажих үйл явц холбогдох яаманд гацаад байсныг шинэ оны босгон дээр гацаанаас гаргасан гэж Ерөнхий сайд мэдээлэв. Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Дорноговь аймгийн төвд ажиллах юм байна.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар