
УИХ-ын Тамгын газар болон Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны их, дээд сургуулийн оюутны ангилалд Монгол Улсын их сургуулийн оюутан А.Дэлгэрмөрөн тэргүүлж, мөн сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Н.Наран-Эрдэнэ удаалж, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн оюутан А.Найдан гуравдугаар байрт шалгарсан бол Монгол Улсын их сургуулийн оюутан Н.Мөнх-Ариун тусгай байрыг хүртжээ.
Харин ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн ангилалд нийслэлийн “Шинэ-Өнөөдөр” сургуулийн сурагч О.Тэнүүнжаргал манлайлж, Баян-Өлгий аймгийн “Эмпати” сургуулийн сурагч Х.Агата, Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийн сурагч Н.Намуун нар хоёр, гуравдугаар байрыг тус тус эзэлж, нийслэлийн 163 дугаар дунд сургуулийн сурагч Г.Манлайбаяр тусгай байрт орсон байна.
"Энэ удаагийн уралдаанд ирсэн эсээнүүдэд "Байгалийн баялаг зөвхөн эдийн засгийн асуудал биш, ёс зүйн, иргэний, Үндсэн хуулийн асуудал юм” гэсэн нэгэн үзэл санаа маш тодорхой харагдсаныг тэмдэглээд хүүхэд, залуучууд маань байгаль эхээ хамгаалах, ирээдүй хойчоо бодох, иргэн бүр хяналт тавихын чухлыг, Үндсэн хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжих ёстойг өөр өөрийн өнцгөөс, өөр өөрийн дуу хоолойгоор илэрхийлсэн нь үнэхээр бахархал төрүүлсэн" гэдгийг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан илэрхийлэв.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар