
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхэд хувь нэмэр оруулахуйц эрдэм шинжилгээний “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт бүтээлийг туурвисан Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Жавхлангийн Бямбаа, хууль зүйн ухааны доктор, профессор Жамбаачүлтэмийн Эрхэсхулан нарт олголоо.
Монгол Улсын Их хурлаас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, професор Бяраагийн Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлийн шагналыг 2015 оноос жил бүр олгож ирсэн уламжлалтай. Энэхүү шагналыг Улсын Их хурлын төлөөлөх, хууль батлах, хянан шалгах үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туурвисан шилдэг бүтээлд жил бүр олгодог.
Ёслолын эхэнд Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Б.Чимидийн шагнал олгох тухай” 04 тоот захирамжийг уншиж сонордууллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 293 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан ““Б.Чимидийн нэрэмжит” шагнал олгох журам”-ын 1.2, 3.5-д заасныг тус тус үндэслэн
Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Жавхлангийн Бямбаа, хууль зүйн ухааны доктор, профессор Жамбаачүлтэмийн Эрхэсхулан нарт шагналыг хүртээж, өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медалийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал гардууллаа.
Одоогоос 34 жилийн өмнө Ардын Их Хурал Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталж, энэ хуулиар манай орон ардчилсан ёс, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, шинэ нийгэм байгуулах эрх зүйн үндсийг тогтоосон болохыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал шагналыг гардуулж, баяр хүргэж хэлсэн үгийнхээ эхэнд дурдаад “ардчилсан” хэмээх тодотголтой шинэ Үндсэн хуулийн эхийг баригчаар Бяраагийн Чимид гуай ажиллаж, төр түмнийхээ өмнө түүхэн гавьяа байгуулсныг тэмдэглэв. Мөн тэрбээр шагналт бүтээл нь бичлэгийн хэлбэрийн хувьд сурах бичиг болон монографын онцлогийг агуулснаараа арга зүйн чухал ач холбогдолтойг онцоллоо.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга “Энэхүү бүтээл нь үндэсний эрх зүйн тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан, манай улсын эрүүгийн процессын эрх зүйн асуудлыг дэлгэрэнгүй задлан шинжилсэн бүтээл бөгөөд эрдэмтэн, судлаачид, оюутан залуусын эрдэм шинжилгээ, судалгааны олон бүтээлийн үнэ цэнтэй эх сурвалж, сургалтын чухал хэрэглэгдэхүүн болно гэдэгт итгэл төгс байна. Энэ ташрамд Б.Чимид гуайн хойч үедээ “Зөв хууль гаргадаг Улсын Их Хурал, сайн гүйцэтгэдэг Засгийн газар, шударгаар хамгаалдаг шүүх, шүүгч энэ гурав байж сая хууль биелнэ”, “Хуулийг дээдсийг эрхэмлэн хязгаарлах, доодсыг энэрэн нигүүлсэхийн тулд гаргадаг” гэж захисан үнэт сургаал үгс энэ цаг үед судлаач, эрдэмтэд төдийгүй хууль тогтоогч бид бүхэнд улам үнэ цэн, ач холбогдолтой байгааг дахин сануулж өдөр тутмын үйл ажиллагаандаа дагаж мөрдөн ажиллахыг уриалж байна” гэв.
Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа “Энэхүү хүндтэй шагналыг авч, Монголын шилдэг хуульчдын нэгэн адилаар үнэлүүлж буйдаа туйлын их баяртай байна. Би 1968 онд Улсын дээд шүүхийн дэргэдэх Хууль зүйн дунд сургуульд сурч байхдаа гялалзсан сайхан залуу багш Б.Чимидээр захиргааны эрх зүйн хичээл заалгаж, тархи толгой маань сэхээрч байснаа тодхон санаж байна. “Эрүүгийн процессын эрх зүй” хэмээх нэр томьёог залуу багш нар маань оноосон, үүнд би их баярлаж явдаг. Энэ ном бол эрүүгийн процессын хуулийн шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд богино хугацаанд бэлтгэгдсэн, бакалаврын түвшний доод хязгаар юм. Энэ сурах бичиг маань онол арга зүй болон практик хэрэглээний хувьд зэрэгцээ түвшинд бичигддэг онцлогтой. Энэ шаардлагыг бид тухайн үедээ хангахыг чадах хэрээрээ чармайсан. Ахмад үеийн бид казах, орос хэлний мэдлэгтэй бол залуучууд маань олон хэлний мэдлэгтэй болжээ. Тийм учраас олон улсын эрх зүйн жишиглэл, хэв хэлбэрүүд, түүний дотор процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлагуудын талаар бидэнд зөвлөж, олон сайхан санаа хэлж байсны үрээр онол, арга зүйн хувьд гологдохгүй бүтээл гаргаж чадсандаа би баяртай байна” гэв.
Энэхүү шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ, академич, Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа, Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор Ц.Сарантуяа, Гавьяат багш, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Солонго, хууль зүйн ухааны доктор, профессор П.Амаржаргал, магистр М.Батчимэг, хууль зүйн ухааны доктор, профессор О.Мөнхсайхан, магистр Ц.Даваадулам, профессор Том Гинсбург нарын бүрэлдэхүүнтэй, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар ахлагчтай судалгааны баг болон философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж нар тус тус хүртэж байсан юм.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар