Шинээр хэрэгжиж эхэлсэн хууль, тогтоомжууд
2026-01-14

2026 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хууль, тогтоомжуудыг танилцуулж байна.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг 2025 оны 9 дүгээр сарын 1-нд Засгийн газраас өргөн барьж, 11 дүгээр сарын 12-ны өдөр эцэслэн баталсан билээ. 

2026 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.2 хувь, нийт зардлыг 32 их наяд 980 тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн алдагдлыг 1 их наяд 50 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1 хувьтай тэнцүү байхаар баталсан ба энэ жил орон нутгаас улсын төсөвт 1 их наяд 538 тэрбум 87 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлнэ.

Орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого
Аймаг, хот Мян.төг
Дорноговь 

11,234.5 

Дорнод 1,937.8
Өмнөговь 1,143,259.4
Сэлэнгэ 10,338.1
Төв 4,146.5
Дархан-Уул 10,872.4
Улаанбаатар 263,747.5
Орхон 92,550.9 

Харин улсын төсвөөс орон нутгийн төсөвт 254 тэрбум 683 сая төгрөгийг дэмжлэг үзүүлэхээр баталжээ.

Улсын төсвөөс орон нутгийн төсөвт үзүүлэх дэмжлэг
Аймаг, хот Мян.төг
Архангай 29,384.5
Баян-Өлгий 13,589.5
Баянхонгор 28,056.7
Булган 2,714.0
Говь-Алтай 13,181.7
Дундговь 577.0
Завхан 36,008.3
Өвөрхангай 22,847.9
Сүхбаатар 5,635.5
Увс 34,827.1
Ховд 878.1
Хөвсгөл 36,808.5
Хэнтий 25,165.5
Говьсүмбэр 5,008.8 

2026 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 3,280,178.5 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр төсөвт суулгажээ.

Багш, эмч нарын цалинг нэмлээ

Багш нарын цалинг 2.8 саяд хүргэнэ.

2026 оны төсвийн тухай хуулиар Боловсролын сайдын урсгал зардлын хэмжээг багш нарын цалинг нэмэгдүүлэхэд шаардлагатай 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн энэ оны 1 сарын 1-нээс 50 хувиар, 11 сарын 1-нээс 26 хувиар нэмэгдүүлэн 2.8 саяд хүргэхээр төсөвт суулгажээ.

Эмч, ажилчдын цалинг 2027 онд 3.5 саяд хүргэнэ.

Эмч, ажилчдын цалинг 1 сарын 1-нээс 30 хувиар, 8-р сарын 1-нээс 12 дугаар сарын 1-н хүртэл 9 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт эх үүсвэрийг суулгажээ.

 

Бусад

Онцгой байдлын албан хаагчдын нэмэгдэл 30-40 хувь болж 10 хувиар нэмэгдэв.

Засгийн газрын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 83 дугаар тогтоолоор онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журамд өөрчлөлт оруулж албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 30 хувиар, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, тэмцэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа гүйцэтгэдэг алба хаагчид 40 хувиар тооцож, сар бүр олгох зохицуулалт энэ оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.

 

16,000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч. 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсэгт “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тухайн орон нутгийн хүн амын тоо, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг харгалзан гурван жил тутамд Засгийн газраас тогтооно” гэсний дагуу засгийн газар 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар тогтоолоор аймаг, нийслэлд ажиллах хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог 16,000 хүртэлх хүүхэд тутамд нэг улсын байцаагч ажиллуулах зохицуулалт энэ оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.

 

Даатгуулагчийн орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлох итгэлцүүрийг шинээр тогтоов.

Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар тогтоолоор “Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход 2026 онд хэрэглэх итгэлцүүр”-ийг баталсан ба энэхүү итгэлцүүр нь өмнөх жилүүдэд авч байсан цалин хөлс, орлогын бодит үнэ цэнийг өнөөгийн ханшид шилжүүлэн тооцоход ашиглагдах бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ тогтоох суурь үзүүлэлт болдог. 

Шинэчилсэн итгэлцүүрээр 1990 он болон түүнээс өмнөх хугацааны орлогыг 3066.86 дахин, 2000 оны орлогыг 26.98 дахин, 2010 оны орлогыг 5.30 дахин, 2020 оны орлогыг 1.52 дахин тус тус өсгөн тооцохоор тогтоожээ. Харин 2024 оны орлогыг суурь болгон 1.00 итгэлцүүрээр тооцно.

 

UIH.mn

Сэтгэгдэл