Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, АН-ын нарийн бичгийн дарга А.Батпүрэв нар “4/11 мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, намын дотоод зохион байгуулалтын асуудал болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой дараах мэдээллийг өглөө.
Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
- Улсын дээд шүүхээс Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн. Үүнийг бид маш том өөрчлөлт шинэчлэлтийн боломж гэж үзэж, дотоод шинэчлэлийн ажлыг эхлүүлэх гэж байна. Ардчилсан нам анхан шатнаасаа эхлээд дотооддоо 100 хувь өөрчлөлт хийнэ. Өөрөөр хэлбэл, аймаг, сум, дүүрэг, баг, хороо, нийслэл, Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлийн түвшинд өөрчлөлт оруулна гэсэн үг.
- Хоёрдугаар сарын 01-ээс гуравдугаар сарын 10-ний хооронд орон даяар нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг дахин явуулна. Гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиудыг зохион байгуулна. Дөрөвдүгээр сарын 07, 08-нд Ардчилсан намын Их хурлыг хуралдуулж, шинэчилсэн бүтцийг батламжилна.
- Их хурлаас батлагдсан Үндэсний бодлогын хороо албан ёсны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөлийг томилно. Ингээд тавдугаар сарын эхээр Ардчилсан намын дотоод шинэчлэлийн ажил дуусаж, гадагш чиглэсэн буюу 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилд бид төвлөрнө.
- Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлээр үзэл санааны өөрчлөлт оруулсан. Бид хуучны социалист батлахтай намын гишүүн гэх ойлголтыг халж “Ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалагч, “Ардчиллын гэрэгэ”-ээг эзэмшигч, ардчиллын элч төлөөлөгч байна хэмээгээд намын гишүүдэд “Democracy passport” буюу “Ардчиллын паспорт”-ыг олгодог болно.
АН-ын нарийн бичгийн дарга А.Батпүрэв:
МАН төрийн эрх барьсан сүүлийн 10 жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас нэг өрх 7 сая төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг тооцоо гарч байна. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтийн улмаас боловсрол, эрүүл мэнд болон бусад зүйлсэд зарцуулах мөнгө тэр хэрээр багассан гэсэн үг. Эсвэл ийм хэмжээний өр зээл тавьж, алдагдал хүлээсэн байна. Энэ нь Монгол Улсын төсвийн бодлогоос үүдэлтэй инфляцийн өсөлттэй холбоотой тул төсвийн реформ хийх ёстой гэж онцоллоо.