
Хууль тогтоолын төслүүдийн талаар:
Тус Байнгын хороо Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна. Тухайлбал, Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна.
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байгаа нь малчдын малын хорогдлын босго үзүүлэлтийг сумын нутаг дэвсгэрийн хэмжээгээр өндөр тогтоосноос шалтгаалан малчид даатгуулсан ч нөхөн төлбөр авч чаддаггүй байна. Иймд уг даатгалд нийт малчин өрхийн 11-18, нийт малын 7-10 хувийг хамруулж байгаа нь төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын зорилт төдийлөн хангагдахгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Хуулийн төсөлд нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг 5.0 хувь, түүнээс нэмэх 1, хасах 1 болгон бууруулахаар тусгасан бөгөөд ингэснээр Монгол Улсын хэмжээнд 120 сум 4.0 хувь, 155 сум 5.0 хувиар тогтоож, малчид даатгалын үр шимийг хүртэх боломжтой болжээ. Түүнчлэн малчдад даатгалын нөхөн төлбөрийг урьдчилан олгох зохицуулалтыг тусгаснаар даатгуулагч даатгалын үр шимийг цаг алдалгүй хүртэх, зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах, даатгалын хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой аж.
Мөн Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлж, нэгдсэн санал, дүгнэлт гарган чуулганы 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна.
Тус тогтоолоор улаанбуудайн гурил, тэжээлийн хөх тариа, арвай, овьёос, эрдэнэшиш болон үр тариа болон буурцагт ургамлыг шигших, тээрэмдэх, эсвэл бусад боловсруулалт хийх явцад гардаг хорголжилсон, эсхүл хорголжлоогүй хивэг, үртэс болон бусад үлдэгдлийг Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор импортоор оруулахад 0-15 хүртэлх хувийн хязгаарт багтаан гаалийн албан татварыг тогтоох эрхийг Засгийн газарт олголоо.
Тогтоол батлагдсанаар тариалангийн үйлдвэрлэлийн бодит нөхцөл байдалд тулгуурлан улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийн хангамж, нийлүүлэлт тухайн бүс нутагт доголдох эрсдэлийг сэргийлжээ.
Мөн хэлэлцүүлгийн шатанд байгаа Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд үргэлжлүүлэн хэлэлцүүлэх аж.
Харьяа байгууллагын тайлан мэдээллийн талаар:
Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээлэл, Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээлэл, Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг тус тус сонслоо.
Хяналт, шалгалтын ажлын талаар:
Намрын ээлжит чуулганы хугацаанд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 41, 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудын хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 321 дүгээр захирамжаар байгуулан ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг гишүүдэд Х.Баасанжаргал, М.Бадамсүрэн, Г.Лувсанжамц, М.Сарнай, С.Эрдэнэболд нар ажилласан байна. Тус ажлын хэсгийн Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 106 дугаар “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” тогтоолыг баталж, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 тогтоолын хүрээнд байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан 19 газрын хил заагийг тогтоосон. Ингэснээр Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт хангагдан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 20.8 хувьд хүрсэн байна.
Нийтийн сонсгол, хэлэлцүүлгийн талаар:
Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороотой хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг өнгөрсөн 09 дүгээр сарын 23-нд Төрийн ордонд зохион байгуулсан. Уг сонсголд Ховд аймгийн Мянгад сумын төлөөлөл 46, Төрийн бус байгууллага 9, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл 8, иргэн хуулийн этгээдийн төлөөлөл 33, шинжээч 11, төрийн байгууллагын төлөөлөл 24 нийт 131 оролцогч оролцсон.
Түүнчлэн "Усны нөөцийг хамгаалж, цөлжилтийг бууруулах арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулж, “Усны нөөцийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах цөлжилтөөс хамгаалах арга хэмжээ”, “СОР-17 Цөлжилтийн конвенцийн талуудын бага хурлын зохион байгуулалт”, “Бэлчээр хамгаалалын талаар хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт мэдээллийг сонсож, цаашид байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт зайлшгүй хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүнд зарцуулагдах төсвийн асуудлыг хэлэлцжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.