Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ?
2026-01-18

Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ?

Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь нэг хүн эсвэл албан тушаалтан өөрийн хувийн ашиг сонирхлыг нийтийн, байгууллагын эсвэл албан үүргийн ашиг сонирхлоос дээгүүр тавих нөхцөл байдал юм. Өөрөөр хэлбэл тухайн хүн албан ажлаа шударга, хараат бус байдлаар гүйцэтгэх ёстой боловч хувийн ашиг сонирхол нь түүний шийдвэр, үйл ажиллагаанд нөлөөлөх, эсвэл нөлөөлж болзошгүй болсон үед ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Ийм зөрчил гарвал шийдвэр бодитой бус болж, шударга байдал алдагдах эрсдэлтэй тул түүнийг ил тод мэдээлэх, зохицуулах нь чухал байдаг.

Нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ашиг сонирхлын зөрчил хэмээн хуулиар тодорхойлсон байдаг.

Мөн Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.10. Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохгүй... гэж заасан байдаг.

Ашиг сонирхлын зөрчлийг бид хэрхэн тодорхойлох вэ?

Улсын Их Хурлын гишүүд өөрийн ашиг сонирхлын зөрчилтэй салбарыг тодорхойлж олон нийтэд мэдээлэх нь тэр бүр тохиолдоод байдаггүй жишиг билээ. Тиймээс иргэний нийгмийн байгууллагын санаачлагаар  хэрэгжиж буй Монгол Улсын УИХ-ын үйл ажиллагаа, мэдээллийг олон нийтэд ил тод, ойлгомжтой хүргэж, иргэдийн хяналт оролцоог дэмжих зорилготой хараат бус, ашгийн бус цахим платформ болох UIH.mn талбараас тус мэдээллийг ил тод болгосон байна.

Нийтийн албан тушаалтан жил бүр өөрийн болон гэр бүлийн гишүүдийн ашиг олж буй компани, хуулийн этгээдийн жагсаалтыг өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусган АТГ-д хүргүүлснээр олон нийтэд нээлттэй болдог. Тухайн мэдээлэлд үндэслэн гишүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй салбарыг тодорхойлж байна. Та UIH.mn цахим талбараар зочлон дурын УИХ-ын гишүүний ашиг сонирхлын зөрчилтэй салбаруудыг мэдэж авах боломжтой.

 

 

 

 

 

Сэтгэгдэл