Албаны нууцыг хүчингүй болговол 882 мэдээлэл ил болно
2026-01-20

 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар 2026 оны 06 дугаар захирамжаар байгуулагдсан Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. 

  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцон ажиллаж байна.

  Ажлын хэсгийн хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн саналыг хэлэлцэж, төлөвлөгөөний дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэх ажлыг зохион байгуулахаар тогтлоо.

  Дээрх хуулийн төслүүдийг төрийн үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн мэдэх эрхийн баталгааг хангах зорилгоор боловсруулсан бөгөөд энэ хүрээнд төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын бүх мэдээллийг ил тод, нээлттэй болгох, мөн төрийн нууцын жагсаалтыг Засгийн газрын шийдвэрээр өргөжүүлэх, үндэслэлгүйгээр мэдээллийг нууцлах явдлыг таслан зогсоож, төрийн нууцын жагсаалт батлах эрхийг Улсын Их Хуралд бүрэн төвлөрүүлж, иргэд, олон нийтийн хяналтыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

  Мөн албаны нууцыг хүчингүй болгосноор одоо албаны нууцад бүртгэлтэй байгаа төрийн 59 байгууллагын нийт 882 мэдээлэл ил болж, шийдвэр гаргалт хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, төрийн үйлчилгээ түргэн шуурхай, хүнд суртлаас ангид байх зарчмын хэрэгжилт хангагдаж, авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Эх сурвалж: Хууль зүй дотоод хэргийн яам

Сэтгэгдэл