Засгийн газрын хуралдаан: Эрчим хүчний салбар 2027 онд чадлын дутагдлаа нөхөж, хэвийн ажиллана
2026-01-21
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар танилцууллаа.
  • Цагаан сарын битүүний өдөр мягмар гарагт тохиож байгаа тул 2-р сарын 17-ны ажлын өдрийг 2 дугаар сарын 28-ны өдрийн бямба гарагт шилжүүлэхээр боллоо. “E-Mongolia” цахим системээр явуулсан Цагаан сарын битүүнийг амралтын өдөрт шилжүүлэх санал асуулгад 17510 иргэн оролцсоноос 13336 нь битүүнийг амралтын өдөр байх нь зүйтэй гэж санал өгчээ. 
  • Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг 2026 оны турш тэмдэглэж, их зохиолчийн нэрийг алдаршуулан утга зохиол, урлаг соёлыг сурталчлах арга хэмжээг цувралаар зохион байгуулна.

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбарын хүчин чадлыг 50 хувиар нэмсэн ч хэрэглээгээ гүйцэхгүй байна

Өчигдөр өглөө ТЭЦ-4 цахилгаан станцын 8-р зуух дээр гэмтэл гарсан. Энэ гэмтлийг засахын тулд Улаанбаатар хотыг 16 бүсд хуваан 1-2 цагийн хугацаанд ээлжлэн, цахилгааны хязгаарлалт хийсэн. Харин өнөө өглөө гэмтлийг бүрэн засч хэвийн ажиллаж эхэлсэн тул, хязгаарлалтыг зогсоосон. Харин Бөөрөлжүүт дээр гарсан асуудлыг шийдэхээр ажиллаж байна гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ.

Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 06.20 цагт “ДЦС-4”-ийн наймдугаар зуухны халах гадаргууд гэмтэл гарч зогссоны улмаас цахилгааны 161 МВт хэрэглээг хязгаарласан. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуух руу орж байгаа нүүрс 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 18 цагт хөлдөж бөглөрснөөс ачаалал 120 МВт-аар буурч, хязгаарлалтын хэмжээ нэмэгдсэн. Ингээд 371174 айл өрх, 46691 аж ахуйн нэгж, нийт 417865 хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалт хийжээ. 

2025-2026 оны Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1800 МВт хүрэх тооцоолол гарсан, 2026 оны нэгдүгээр 19-нд 1803 МВт хүрчээ. 

Монгол Улс 100 жилийн хугацаанд эрчим хүчний чадлаа 1200 гаруй мегаваттаар нэмэгдүүлсэн байдаг. Харин 2022 оноос хойш энэ хэмжээг 560 мегаваттар нэмэгдүүлсэн ч хэрэглээгээ гүйцэхгүй байна. Цаашид одоо ашиглалтад оруулахаар ажиллаж буй “Баян”, Бөөрөлжүүтийн үлдсэн хэсэг, мөн Сэлэнгэ болон Тосонцэнгэлд барьж буй цахилгаан станцууд ашиглалтад орсноор 2027 оноос хэрэглээгээ гүйцэж, эрчим хүчний салбар хэвийн ажиллах боломж бүрдэнэ гэдгийг онцолж байна.

Сэтгэгдэл