
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монголын эмнести интернэшнл ТББ хамтран “Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид нээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. Энэ нь төр хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хангах үүргийн тод илэрхийлэл бөгөөд Монгол Улсад хүний эрхийг хамгаалах тогтолцоо нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Үндсэн хуулийн цэц, Засгийн газар, шүүх, прокурор, нутгийн захиргаа, Хүний эрхийн Үндэсний Комиссоос бүрдэх бөгөөд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо чухал ач холбогдолтой гэдгийг тодотгосон юм.

Мөн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд нар хэлэлцүүлгийн нээлтэд оролцож, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд хууль тогтоох болон хэрэгжүүлэгч, хараат бус байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэв.

Хэлэлцүүлгийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа “Хүний эрхийн хараат бус хяналт: Монгол Улсын хүний эрхийг хамгаалах тогтолцоонд ХЭҮК-ын үүрэг” сэдвээр илтгэл танилцуулж, хүний эрхийн үндэсний байгууллагын чиг үүрэг, мандатын бусад байгууллагуудаас ялгагдах онцлог, зааг ялгаа, хүрээ хязгаарын талаар мэдээлэл өглөө.

Тус хэлэлцүүлэгт төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хуульч, эрдэмтэн, судлаач зэрэг 30 гаруй оролцогч оролцож, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, түүн дотор хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг, хүний эрхийг хангах, хамгаалах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийг дүгнэж хүний эрхийн судлаач Б.Хишигсайхан хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны үр нөлөөг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчны уялдаа, институц хоорондын хамтын ажиллагаа, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо. Хэлэлцүүлгийн мөрөөр хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, чадавхыг сайжруулах хүрээнд оролцогчдоос дэвшүүлсэн санал, бодлыг тусгасан тойм гарах юм.