Ардчилсан намаас "4/11" мэдээлэл хийлээ
2026-01-22
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар эрчим хүчний салбар дахь цаг үеийн нөхцөл байдал болон намын дэргэдэх Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэнгийн талаар мэдээлэл өглөө.

Эрчим хүчний аюулгүй байдал бүрэн алдагдсан

Өнөөдөр эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдал бол эрх баригчид олон жил худал хэлж ирсний үр дүн. Станцуудад удаа дараа дэлбэрэлт гарч хүний амь эрсэдсэн ч хэн нэгэн хариуцлага хүлээгээгүй. Эрчим хүчний үндэсний хороог татан буулгасан мөртлөө Шадар сайдын ажлын албан дээр Эрчим хүчний экспортыг дэмжих нэгж гэдэг нэртэй бүтэцтэй болсон. Нэг салбарыг хэд хэдэн сайд нар давхар хариуцдаг, хариуцлагагүй, уялдаа холбоогүй байдлаас болж эрчим хүчний аюулгүй байдал бүрэн алдагдаад байна.

Иймээс УИХ-ын гишүүн Ө.Шижир өөрийн албан бланк дээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт хариуцлага тооцохыг шаардаж Ерөнхий сайдад хүргүүлнэ гэж мэдээллээ.

"Гэрэгэ" бодлогын судалгааны хүрээлэнгийн захирлаар Х.Номингэрэлийг томилжээ

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн тушаалаар намын дэргэд бодлогын судалгааны тинк-танк байгуулахад бэлтгэх ажлын хэсгийг томилсон билээ.  Ажлын хэсгээс бэлтгэл хангасны дагуу Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ны хуралдаанаар “Гэрэгэ тинк танк"-ийг үүсгэн байгуулж, хүрээлэнгийн дүрмийг баталж, гүйцэтгэх удирдлагаа сонгосон байна. Тодруулбал, Ардчилсан намын дэргэдэх Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэнгийн Удирдах зөвлөл хуралдаж, гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад хүсэлт ирүүлсэн нийт 13 нэр дэвшигчийн хүсэлтийг хэлэлцсэний үндсэн дээр Х.Номингэрэлийг томилохоор шийдвэрлэлээ.

     Х.Номингэрэл нь төр, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагуудад ардчилсан ёс, хүний эрх, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр бодлогын судалгаа мэдээлэл боловсруулах, сургалт, зөвлөх үйлчилгээ, нөлөөллийн чиглэлээр ажилласан 18 жилийн туршлагатай. Тэрээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан. Х.Номингэрэл нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, Төв Европын Их Сургуулийг Үндсэн хуулийн харьцуулсан эрх зүй магистр зэрэгтэй төгссөн.

     Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэн нь Ардчилсан намын үнэт зүйлс, ардчилсан засаглал, эдийн засгийн эрх чөлөөг бэхжүүлэхийн төлөө нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад судалгаа, нөлөөллийн дэмжлэг үзүүлэх, намын гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих  үйл ажиллагаа явуулах аж.

 

Сэтгэгдэл