
Цахилгааны хэлбэлзлээс үүдэн эд хөрөнгөд хохирол учирсан бол иргэн:
эвдэрсэн тоног төхөөрөмжид мэргэжлийн дүгнэлт гаргуулах,
засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн зардлын баримт бүрдүүлэх,
эдгээрийг хавсарган цахилгаан түгээх байгууллагад албан шаардлага хүргүүлэх шаардлагатай.
Хэрэв цахилгаан түгээх байгууллага шаардлагад хариу өгөхгүй, эсхүл хохирлыг нөхөн төлөхөөс татгалзсан тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх иргэнд нээлттэй.
Иргэд цахилгаан эрчим хүч хэрэглэхдээ цахилгаан түгээх байгууллагатай загвар гэрээний үндсэн дээр харилцаанд ордог. Сар бүр төлбөр төлөхдөө ашигладаг хэрэглэгчийн код нь тухайн гэрээний дугаарт тооцогддог. Гэрээний дагуу иргэн төлбөрөө төлөх, байгууллага цахилгаан эрчим хүч нийлүүлэх үүрэг хүлээдэг. Харин нийлүүлж буй цахилгааны хүчдэлийн хэлбэлзлээс шалтгаалан эд хөрөнгөд хохирол учирсан бол уг хохирлыг цахилгаан түгээх байгууллага хариуцахаар зохицуулсан байдаг.
Хохирол гарсан тохиолдолд иргэн 24 цагийн дотор харьяа дүүргийн цахилгаан түгээх нэгжид утсаар мэдэгдэж, дараа нь бичгээр өргөдөл гаргана. Үүний дараа 3 хоногийн дотор холбогдох мэргэжилтэн газар дээр нь үзлэг хийж, эвдрэл нь цахилгааны хэлбэлзлээс үүдсэн эсэхийг тогтооно. Хэрэв байгууллагын буруу тогтоогдвол эд зүйлийг засварлах, шинээр солих, эсхүл мөнгөн нөхөн төлбөр олгох үүрэгтэй.
Албан ёсоор гэрээг бичгээр байгуулах шаардлагатай боловч сар бүр төлбөр төлж, цахилгаан хэрэглэж байгаа тохиолдолд гэрээний харилцаа үүссэнд тооцогдох боломжтой. Гэсэн ч маргаан үүсвэл уг асуудлыг шүүхээр шийдвэрлэх нөхцөл үүсч болзошгүй тул иргэд гэрээгээ бичгээр баталгаажуулахыг зөвлөж байна.
Иргэн эрхээ мэдэж, байгууллага үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэх нь цахилгаан хангамжтай холбоотой маргаан, эрсдэлийг бууруулах чухал нөхцөл юм.
UIH.mn