Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээ болж байна. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Петрочайна болон Оюутолгойтой холбоотой дараах мэдээллийг өглөө.
- Монгол Улсын Засгийн газар “Петрочайна дачин тамсаг” ХХК-д акт болон тодорхой өр, төлбөр ногдуулсан ч хүлээн зөвшөөрөөгүй. Иймээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д айлчлахдаа хөрөнгө оруулагчидтай уулзалт хийсэн байна. Ингээд Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах, хайгуулын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр харилцан тохиролцож, ажлын хэсэг байгуулжээ. Цаашид БНХАУ-аас авах тосны хэмжээг нэмэгдүүлэх, квот болон үнэ тариф тогтоох гэрээ хийхээр төлөвлөж байна.
- УИХ-аас "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" тогтоол баталсан. Иймээс хоёр тал харилцан тохиролцох протокол үйлдсэн. Цаашид хүү болон менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр ярилцахаар тогтоод байгаа аж.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам