СЕХ-ноос улс төрийн намын ажилтнуудад зөвлөмж өглөө
2026-01-27

Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намын удирдлага, санхүүгийн ажилтнуудад өнөөдөр (2026.01.27) санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан гаргах чиглэлээр зөвлөмж өгөх мэдээлэл, сургалт зохион байгууллаа.

Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлдэг. Тодруулбал, улс төрийн нам 2025 оны санхүүгийн тайлангаа хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Улмаар аудитын хуулийн этгээдээр тайланд аудит хийж дүгнэлт гаргасан тайлангаа гуравдугаар сарын 15-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм. Сонгуулийн ерөнхий хороо тайланг хүлээн авч хянаад дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн дотор Үндэсний аудитын газар дүгнэлт гаргуулахаар хүргүүлдэг. Үндэсний аудитын газар төрөөс намд олгосон санхүүжилт, гүйцэтгэлд гаргасан дүгнэлтийг жил бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусган тайлагнахаар хуульчилсан.

Намын санхүүгийн тайланг үнэн зөв гаргах, олон нийтэд ил тод мэдээлэх, анхан шатны баримтын бүрдүүлбэрийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Амаржаргал, Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын газрын аудитын менежер И.Эрдэнэцэцэг нар мэдээлэл, арга зүйн зөвлөмж өглөө.

Намд олгох төрийн санхүүжилтийн 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сургаж бэлтгэх,15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулах, 15-аас доошгүй хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэх зориулалтаа зарцуулна. Дээрх зорилтот санхүүжилт тус бүрийн гуравны нэгээс доошгүйг намын бодлогын судалгааны байгууллагын үйл ажиллагаанд зарцуулахаар хуульчилсан. Төрөөс олгосон санхүүжилтийг дээрх зорилгоос өөр зориулалтаар зарцуулсан бол сонгуулийн төв байгууллага хууль бусаар зарцуулсан хөрөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх, эсхүл дараагийн төрийн санхүүжилтээс хасаж тооцох хуулийн хариуцлагатайг Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын газрын аудитын менежер И.Эрдэнэцэцэг мэдээлэлдээ онцолсон юм. 

Улс төрийн намын санхүүгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, тайлангийн чанар, үзүүлэлт, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран ажиллаж байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар нягтлан бодох бүртгэлийн чиг хандлага, стандартын ач холбогдлын талаар намуудын төлөөлөлд мэдээлэл, зөвлөмж өгөв.

 
 
 
Сэтгэгдэл