
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш, эмч нарын цалингийн нэмэгдлийн тухай мэдээллээ.
Өнгөрсөн оны сүүлээр багш нар ажил хаялт зарлаж, Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газартаа цалин нэмэх тохиролцоо хийсэн. Үүний дараа эрүүл мэндийн ажилтнууд мөн ажил хаялт зарлахаа мэдэгдэж, тун удалгүй тохиролцоонд хүрч чадсан. Ингэснээр 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн багш нар цалингаа 50 хувиар, эмч нар 30 хувиар нэмэгдүүлэхээр болсон юм. Гэвч өнөөдөр багш, эмч нарын үндсэн цалинг нэмсэн ч ур чадварын нэмэгдэл, хоол унааны мөнгийг нь хассан. Мөн нэмэгдэл тооцохдоо нэмэгдүүлсэн цалингаас биш өмнө нь авч байсан цалингаас тооцож байна гэж мэдээллээ.
Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга З.Цогтгэрэл:
Юун түрүүнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас батлагдсан төсөв нь буурч ирсэн. Ингэхдээ үндсэн цалин нэмэгдсэн ч ур чадварын нэмэгдэл хасагдсан учраас 50 хувь нэмэгдэх боломжгүй байна. Засгийн газар байгуулсан гэрээгээ зөрчсөн учраас хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд эцсээ хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ.
Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа
Гурван талт хэлэлцээрийн дагуу үндсэн цалинг 75 хувь нэмэхээр тохирч, баталгаажуулсан. 2026 оны 1-р сард 30 хувь нэмэхээр тохирсон. Үндсэн цалин нэмсэн боловч бүх нэмэгдлүүдийг өмнө нь авч байсан цалингаас тооцохоор болсон байна. Үүнээс гадна эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын есөн хувийг цомхотгож эхэлсэн. Ажлаа хэвийн явуулахад хүндрэл гарч байна.
Засгийн газар цалингийн хоёр шатлал бий болгосон байна. Ингэхдээ албан тушаалын доод хэмжээ, албан тушаалын цалин гэж хоёр ангилсан. Учир нь өмнө нь авч байсан албан тушаалын доод хэмжээнээс нэмэгдэл урамшууллыг тооцож, сүүлд нэмсэн албан тушаалын цалинг тусад нь тооцож олгохоор зохицуулжээ. Гэрээний дагуу Засгийн газар ингэж дангаараа шийдвэр гаргах эрхгүй. Үйлдвэрчний эвлэлтэй ярилцах ёстой. Гэтэл заль гаргаж ийм үйлдэл гаргасан гэдгийг онцолж байна.