Иргэний нийгмийн байгууллагуудын чуулган боллоо
2026-01-30

Монгол Улсын хөгжлийн үйл явцад төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх зорилготой “Хөгжлийн төлөөх түншлэл: Төр, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлье" чуулган өнөөдөр боллоо.

Энэ чуулганаар Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төр–иргэний нийгмийн түншлэлийг бодитоор хөгжүүлэх, иргэний оролцоог нэмэгдүүлэх, ил тод, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх зорилтуудтай уялдуулан “Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого” баримт бичгийн төслийг хэлэлцэж, иргэний нийгмийн байгууллагуудын санал, зөвлөмжийг нэгтгэн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хүргүүлэх юм.

Чуулганд иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн активистууд, судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллага болон төрийн байгууллагын төлөөлөл 100 орчим хүн оролцож, иргэний нийгмийн байгууллагуудад тулгамдсан асуудал, шийдлийн тухай хэлэлцэв.

Иргэний нийгмийн байгууллагуудад тулгамдсан асуудал:

  • 18% - Санхүүжилт болон бусад зүйлээс шалтгаалан үйл ажиллагаа нь тасалдаж байсан
  • 29,6% - Таваас дээш тооны ажилтантай. Харин үлдсэн хувь нь таваас бага хүний нөөцтэй.
  • 20,4% - Санхүүгийн аливаа гэнэтийн эрсдэл үүсэхэд нөөц байхгүй.
  • 90% - 50 саяас доош орлоготой.

Ийм байдлаар сүүлийн жилүүдэд иргэний нийгмийн байгууллагуудын  орон зай хумигдаж байна гэдгийг хараат бус судлаач Ц.Батсугар “Иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх нь: Иргэний орон зайн тулгамдсан асуудал” сэдвээр илтгэлийн үеэр онцоллоо.

Энэ мэтээр төр-иргэний нийгмийн түншлэлийн өнөөгийн нөхцөл байдал, иргэний орон зайн тулгамдсан асуудал, төрийн бус байгууллагын тухай хуулийн хэрэгжилт, иргэний нийгмийн сайн туршлага, бодит санаачилга, төсөл хөтөлбөрүүдийн ололт амжилт, сургамжийг илтгэл, панел хэлэлцүүлгийн хэлбэрээр өргөн хүрээнд хэлэлцсэн юм.

Энэ чуулган нь төр, иргэний нийгмийн байгууллагуудын хооронд нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл явцад иргэний нийгмийн бодит оролцоог хангах стратегийн ач холбогдолтой бөгөөд цаашид Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжсэн ил тод, хариуцлагатай түншлэлийн суурь тогтолцоог бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Сэтгэгдэл