Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар болон тус яамны холбогдох албан тушаалтнууд Богдхан уулын дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дараах мэдээллийг өглөө.
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Богдхан уулын дархан цаазат газрын 27 байршилд 800 метр орчим урттай зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулж байсан хашааг буулгасан. Тодруулж хэлбэл, энэ чиглэлээр тодорхой ажил хийж байсан гэж мэдээлэв.
- Харин саяхан 1-р сарын 30-ны өдөр Нүхтийн аманд нэг халиун буга хашаанд сүлбүүлж үхсэн. Иймээс газар ашиглагч “Эй Жи Жи Эс” компанид Зөрчлийн тухай хууль болон экологийн үнэлгээний дагуу нийт 55,4 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Мөн тус компани нь төрийн байгууллагаас өгсөн үүргийг биелүүлээгүй, холбогдох хууль журам зөрчсөн тул газар ашиглалтын зөвшөөрлийг нь хэсэгчлэн цуцалсан байна.
- Цаашид ийм байдлаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчсөн, төрийн байгууллагаас гаргасан шийдвэр, дүрэм, журмыг мөрдөөгүй тохиолдолд иргэн, ААН-үүдийн газар ашиглах эрхийг нь цуцлах арга хэмжээ авч ажиллана гэж мэдээллээ.