
Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн судалгаа, зөвлөмж болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулан ажиллах зорилготой тус Зөвлөлийн хурлаар Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, стратегийн болон үүсмэл ордуудад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдэд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээний үр дүнгийн талаар холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.
Эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрч, гадаад валютын нөөц анх удаа 7 тэрбумыг давсан, нүүрсний экспорт түүхэн дээд амжилтыг эвдээд байгаа зэрэг мэдээллийг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулж, Үндсэн хуулийн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх” зарчмыг бодит ажил хэрэг болгох Засгийн газрын зорилтыг дэмжиж, хамтран ажиллаж буй ААН-үүдэд талархал илэрхийлэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Стратегийн болон үүсмэл ордуудад төрийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээний гол зорилго бол хувь эзэмших үү, татвараар орлуулах уу гэдэг маргаан биш. Харин аль хувилбараар ард түмэнд илүү тогтвортой, урт хугацааны өгөөж очих вэ гэдгийг бодитоор шийдэхэд, жишиг тогтооход оршиж байгаа. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц, илэрцийг нь тогтоосон ордуудын үр өгөөжийг төр авч, ард түмэнд хүртээх нь зүй ёсны асуудал” гэлээ.
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд Үндэсний баялгийн сангийн хуримтлал, зарцуулалтын уялдаа, стратегийн ордууд төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой загвар, бизнесийн орчинд ойлгомжтой, урьдчилан таамаглах боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар байр сууриа илэрхийлж, саналаа солилцлоо.