
Багш нар ажил хаялт зарлаж, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоогоор дамжуулан удаа дараа хэлэлцээ хийсний үр дүнд 2026 оны нэгдүгээр сарын нэгнээс 58159 багш цалингаа 50 хувиар буюу 742000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр тохирсон. Гэвч бодит байдал дээр багш нарын цалин 50 хувиар нэмэгдсэнгүй. Гар дээр авч буй цалин нь тухайн багшаас хамаарч 0-20 хувиар л нэмэгдсэн тооцоо гарч байна.
Тэгвэл Засгийн газар багш нарыг хэрхэн хуурсан баримтуудыг бодит баримт, тооцоололд тулгуурлан танилцуулъя.
Баримт 1: Тооцооллоор зальдав
Засгийн газар багш нартай тохиролцсоны дагуу цалинг 50 хувиар нэмэх тогтоол шийдвэрээ гаргасан. Багш нарын хувьд үндсэн цалин нэмэгдсэн тул дагаад нэмэгдэл хөлс, урамшуулал нь өснө гэж ойлгов. Нэмэгдлийг тооцож олгохдоо тухайн ажилтны үндсэн цалингаас тооцож олгох хууль ёсны зарчимтай. Гэтэл Засгийн газар 2024 оны “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 238 дугаар тогтоолыг хүчингүй болгосонгүй. Улмаар цалин хөлс, нэмэгдэл хөлсний хэмжээг шинэчлэхдээ Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай зөвшилцөхөөр тогтсон боловч бусад талуудтайгаа зөвшилцөлгүйгээр Засгийн газрын 225 дугаар тогтоол гаргаж, нэмэгдэл хөлсийг тооцохдоо ажилласан жил, мэргэжлийн зэрэг, орон нутгийн нэмэгдлийг “Албан тушаал”-ын цалингаас биш өмнөх хүчингүй болгох ёстой 2024 оны “доод хэмжээ”-нээс тооцохоор шийдвэрлэсэн байна. Ингээд багш нарын зарим нэмэгдэл хөлс өссөнгүй. Энэ бол Засгийн газар нийгмийн түншлэлийн зарчмаасаа ухрахын зэрэгцээ нэгэн зэрэг хоёр эрх зүйн акт үйлчилж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос дүгнэж байна.
Баримт 2: Урамшуулал хасав
Багш нарын цалин үндсэн+нэмэгдэл хөлс+урамшуулал гэсэн гурван хэсгээс бүрддэг. Энэ удаа үндсэн цалин 50 хувиар нэмэгдсэн бол нэмэгдэл хөлснөөс хоол унаа болон ур чадварын мөнгө хасагдсан байна. Яагаад багш нарын ур чадвар, хоол унааны мөнгийг хассан тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяраас асуухад үндсэн цалинд нь шингээсэн гэх тайлбар өгсөн. Шуудхан хэлэхэд хассан гэсэн үг. Ингээд багш нарын цалин 50 хувиар нэмэгдсэнгүй.
Шинээр ажилд орсон багш нарын хувьд нэмэгдэл хөлс, урамшуулал бага авдаг учраас 15-25 хувиар нэмэгдсэн байна. Тухайлбал, 1480000 төгрөгийн цалин авдаг багшийн цалин 2226000 болж нэмэгдсэн ч суутгал, шимтгэл, зарим нэмэгдэл хөлсөө хасаад 1800000 орчим төгрөгийн цалин авч байна. Гэтэл олон жил ажилласан, нэмэгдэл хөлс, урамшуулал их авдаг багш нарын гар дээр авдаг цалин 10 хүрэхгүй хувиар нэмэгджээ. Зарим багш нарын хувьд эсрэгээрээ цалин нь буурсан тохиолдол ч бий гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Бодит жишээ: Нийт 17 жил багшилсан нийслэлийн ...дугаар сургуулийн багш Б-ийн цалин хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая. /Багшийн мэдээллийг нууцлах зорилгоор цалингийн тоог хэт нарийвлчахгүйгээр бүхэл дүнгээр нь тооцсон болно/
|
2025 оны 12-р сар Үндсэн цалин: – 1484000 Нэмэгдэл хөлс: 1870000
Суутгал: /ХХОАТ, НДШ, ҮЭ-ийн татвар/ 660000 Гарт олгосон цалин: 2694000 |
|
2026 оны 1-р сар Үндсэн цалин: – 2226000 Нэмэгдэл хөлс: 1220000
Суутгал: /ХХОАТ, НДШ, ҮЭ-ийн татвар/ 660000 Гарт олгосон цалин: 2786000 |
Ингээд нэмэгдсэн цалин: 92000
Ийнхүү улсад 17 ажилласан багшийн өнгөрсөн оны 12-р сард авсан цалинг өнөөдрийн авсантай харьцуулахад 92000 төгрөгөөр нэмэгдсэн. Үндсэн цалингийн нэмэгдэл 742000 төгрөгөөс элдэв нэмэлт урамшуулал, шимтгэл суутгал нь хасагдсаар багшийн гарт 100 мянга хүрэхгүй төгрөг нэмэгдэж иржээ. Үүнийг 50 хувиар нэмэгдсэн гэх үү?
Баримт 3: Төсөв нь дутуу
Улсын төсвөөс багш нарын цалингийн сан 2,6 их наяд төгрөгийг 2026 онд 618,2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 3,3 их наяд болгосон. Гэтэл зарим сургуульд багш нарынхаа цалинг бүрэн өгч чадах төсөв ирээгүй байна. Тодруулбал, хүүхдийн тоо цөөн, хоёроос дээш хичээлийн байртай, төрөлжсөн сургалттай болон ялгаатай хэрэгцээтэй суралцагчтай сургууль, цэцэрлэгүүдийн төсөв хүрэлцээгүй тул багш нарынхаа цалинг дутуу өгсөн тохиолдол гарчээ. Ийнхүү Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд боловсролын салбарын санхүүжилтийн баталгааг алдагдуулж, төсвийн болон хөдөлмөрийн харилцааны тогтворгүй байдлыг үүсгэсэн. Үүнийгээ шийдэхийн тулд сургуулийн захирлуудад өөрсдөө зохицуулах үүрэг чиглэл өгсөн гэх мэдээлэл байна. Захирлууд багш нарынхаа цалинг тавихын тулд сурагчдын автобусныхаа түлшийг хэмнэж, зогсоосон тохиолдол ч гарав.
Үүнд:
⚖️ Энэхүү мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд хүлээлгэн өгснөөр төрийн захиргааны шийдвэрүүд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавиулж, иргэдийн хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах үндсэн баталгааг хамгаалах зорилготой гэдгийг онцолж байна.