
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өнгөрсөн оны долдугаар сард өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгав. Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвер, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийн нээлтэд оролцож, үг хэллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад олон улсын нүүрсний зах зээлийн үнийн уналт болон бусад шалтгаанаар гацсан 41 гэрээг шийдвэрлэх үүрэг өгсөн. Үүнээс 37 гэрээг амжилттай шийдвэрлэж, 4.2 сая тонн нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулан борлуулсан байна.
Мөн БНХАУ-ын гүн дэх эцсийн хэрэглэгчид болон нүүрс худалдааны томоохон боомтуудад нүүрс хүргэн борлуулах ажлыг эхлүүлжээ. Цаашид Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд гарах, цөөн худалдан авагчаас хамааралтай байдлыг бууруулж, зах зээлээ тэлэх чиглэлд анхаарч буйгаа компанийн удирдлагууд танилцуулав.

Мөн Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж, уг ордыг хамгийн өндөр өгөөжтэй, урт хугацаанд тогтвортой ашиглах ТЭЗҮ-г эцэслэн боловсруулах, орд ашиглалтын төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө.