“Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг боловсруулжээ
2026-02-13
Иргэний нийгмийн консорциумаас 100 гаруй байгууллагын төлөөллийг  оролцуулсан “Хөгжлийн төлөөх түншлэл: Төр, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлье” чуулганыг зохион байгуулж “Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслөө танилцуулан санал авч, олон талын байр суурийг тусган, эцэслэн боловсруулсан байна. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс дэмжлэг үзүүлэхийг  хүсч дараах бичгийг хүргүүллээ. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

2026 оны 2-р сарын 11-ний өдөр                                                              “Хүсэлт хүргүүлэх тухай”

Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, түншлэл чухал ач холбогдолтой билээ. Энэ хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч тантай уулзаж, төр-иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх бодлогын орчны талаар санал солилцсон. Уг уулзалтын мөрөөр бид Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Иргэний орон зайн талаарх хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж, төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулан, батлуулах нь зүйтэй хэмээн байр сууриа нэгтгэсэн юм.

Уг санаачилгын мөрөөр 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэний нийгмийн 100 гаруй байгууллагын төлөөллийг оролцуулсан “Хөгжлийн төлөөх түншлэл: Төр, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлье” чуулганыг зохион байгуулж “Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслөө танилцуулан санал авч, олон талын байр суурийг тусган, эцэслэн боловсрууллаа. Тус баримт бичгийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3, 3.3.4.2-т заасан “төрийн бодлого боловсруулах, төрд хяналт тавихад төрийн бус байгууллагын тэгш оролцоо, зөвшилцлийг хангах, иргэний нийгмийн төлөвшлийг дэмжих” мөн ”нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчинг бүрдүүлж, төр-иргэний нийгмийн хамтын ажиллагааны бүтээлч арга, хэлбэрүүдийг хөгжүүлнэ” хэмээн заасны дагуу боловсруулсан болно.

Энэхүү бодлогын баримт бичиг нь мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулах, төр иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх” зорилтыг бодитоор хэрэгжүүлэхэд эрх зүйн болон институцийн чухал суурь болно гэж бид үзэж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд “Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлаж дэмжлэг үзүүлэхийг  хичээнгүйлэн хүсэж байна.

Энэхүү баримт бичгийг баталснаар: Төр-иргэний нийгмийн түншлэлийн эрх зүйн орчин боловсронгуй болох; иргэдийн бодит оролцоо, хяналтын механизм бэхжих; иргэний нийгмийн байгууллагын тогтвортой, хараат бус үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх; цаашид Иргэний нийгмийн байгууллагын тухай хуулийн шинэчлэлийн суурь бүрдэх зэрэг бодит үр нөлөө гарах юм. Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, хамтран ажиллахаа үүгээр илэрхийлье.

Гүнээ хүндэтгэсэн,

Иргэний нийгмийн консорциум

Сэтгэгдэл