Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүдээс санал авах, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Засгийн газраас төслийн талаар танилцуулан нээлттэй санал авч, санхүү эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө болон бусад шалгуур үзүүлэлтийг харьцуулан судалсны үндсэн дээр сонгон шалгаруулж, шалгарсан этгээдтэй хэлэлцээр хийхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт үүрэг болгосон юм.
Сонгон шалгаруулалтыг 30 хоногийн хугацаанд нээлттэй, ил тод явуулахаар төлөвлөж байна. Төсөлд шалгарсан аж ахуйн нэгж нь Бортээгийн олборлолт, борлуулалт, тээвэрлэлт хийх дэд бүтэц, бүтээн байгуулалтыг хариуцаж хийнэ. Орлогоо хуваахдаа төсөл хэрэгжих хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байхаар санал ирүүлэх юм байна.
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа дараах зарчмыг баримтална.
- Хөрөнгө оруулагчдаас ил тод, нээлттэй (Expression of Interest) хэлбэрээр санал авах
- Нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох
- Төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох
- Нэмүү өртөг шингэсэн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих
- Эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүх процесс, шат дамжлага, арга хэмжээг нээлттэй, ил тод зохион байгуулах
Бортээгийн төсөл бодит орлого бий болгож эхэлснээр:
- Байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж,
- Үндэсний баялгийн сан арвижин,
- Нийгэм, эдийн засаг, ард иргэд, баялаг бүтээгчдэд тулгамдсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүгийн нөөц, бодлогын орон зай нэмэгдэнэ гэж үзэж байна.