
Аливаа төрлийн аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Гурван өдөр үргэлжлэх тус хэлэлцүүлэг өнөөдөр (2026.02.24) байгаль орчин; барилга, хот байгуулалт; зам, тээвэр; уул уурхай, хүнд үйлдвэр; эрчим хүч зэрэг салбарын хүрээнд зохион байгуулагдаж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин хэлэлцүүлгийн нээж үг хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Н.Учрал, Б.Заяабал нар 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдуулан боловсруулсан 89 төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжсэн юм. Иймд Улсын Их Хурлын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Д.Энхтүвшин гишүүнээр ахлуулан, 21 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Иргэн, аж ахуйн нэгжид учирдаг хүндрэл, дарамтыг багасгаж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх, төрөөс олгодог зөвшөөрлийн тоог багасгаж, зөвшөөрөл олгох үе шатыг илүү хялбар хүртээмжтэй болгох замаар бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй дэмжих, зөвшөөрөл олгохтой холбогдуулан үүсдэг авлига, хээл хахууль, төрийн албаны хүнд суртлыг арилгах зорилгоор Улсын Их Хурал Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан юм. Ингэснээр хуулиар хориглоогүй буюу хуульд зааснаас бусад үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж чөлөөтэй эрхлэх боломж бүрдсэн юм. Үүний зэрэгцээ хуулиас гадуур журам гарган, зөвшөөрлийн тоог нэмдэг байдлыг халж, зөвшөөрлийг цахимаар, олон нийтэд нээлттэй, ил тод олгох, байгалийн баялаг, төрийн, нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахдаа шударга өрсөлдөөний зарчмын дагуу явуулах зэрэг томоохон өөрчлөлтийг хуульчилсан. Энэхүү баримтыг Д.Энхтүвшин гишүүн дурдаад “Гэсэн хэдий ч хэрэгжилтийн явцад төр өөрт байгаа мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс хуулиар, захиргааны хэм хэмжээний акт журмаар олон давтамжтайгаар шаарддаг байдлыг халах шаардлага үүссэн. Салбарын хуулийн зарим зохицуулалт нь цахимжилтыг хязгаарладаг, зөвшөөрлийг хэрхэн, яаж олгох, ямар баримт, бичиг бүрдүүлэх нь тодорхойгүй байгаагаас зөвшөөрөл олгох явцад эрх бүхий этгээд үндэслэлгүй баримт шаардах, өөрийн үзэмжээр асуудалд хандах зэрэг нөхцөл үүсэж байгаа” хэмээсэн. Үүний зэрэгцээ зөвшөөрлийн шинжтэй бүртгэл, гэрчилгээ, эрх олголтыг бий болгож, зөвшөөрөл олгох хэрийн шаардлага тавьж, шат дамжлага бий болгож байгаа нь иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хүнд суртал болж, авлигал, албан тушаалын гэмт хэрэг дахин өсөх шалтгаан болж байна хэмээн ажлын хэсгийн ахлагч хэлэлцүүлгийг эхэнд хэлсэн юм.
Иймд хууль санаачлагчид зарим тусгай болон энгийн зөвшөөрлийг мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр эрхлэх боломжтой болгох; тусгай зөвшөөрлийн төрөл, ангиллыг дахин тодорхойлох, нэр томьёог жигдлэн хуульчлах, тодорхой төрлийн зөвшөөрөл олгох процессын журмыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн зөвшөөрөл эзэмшигчдэд тавих явцын хяналтыг сайжруулах замаар Зөвшөөрлийн тухай хуульд нийцээгүй захиргааны хэм хэмжээний акт, журмаар зөвшөөрлийн харилцааг зохицуулж, зөвшөөрөл олголтын процессыг хүндрүүлж байгаа нөхцөлийг арилгах; цахимжилтыг сайжруулах; хуульд заасан хугацаанд түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй зөвшөөрөл авах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, эрх зүйн орчныг өөрчлөхийг зорьсон байна.
Төслийг d.paliament.mn сайтаас үзэж, холбогдох санал, хүсэлтээ ирүүлэх боломж нээлттэй гэдгийг Д.Энхтүвшин гишүүн тэмдэглээд “Ажлын хэсэг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхтэй холбогдуулан хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулиас гадуур бий болгож байгаа зөвшөөрлийн шинжтэй үйл ажиллагааг тодорхойлж, түүнийг хуулиар оновчтой зохицуулах төрөөс олгож байгаа зөвшөөрлийн ангилал, төрлийг дахин нягтлах, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх зэрэг харилцааг салбар хуулиар нарийвчлан тусгах зэрэг асуудалд анхааран ажиллаж ажиллаж байгаа. Энэ хүрээнд Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөөд өнөөдөр эхний таван салбарын танилцуулгыг сонсож иргэд, аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоодын саналыг сонсоно” хэмээлээ.
Тэрбээр эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн болон салбарын төлөөллийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг урьж, хуулийн хэрэгжилтэд гарч буй алдаа зөрчлийг амьдралд нийцтэйгээр сайжруулахад үнэтэй санал дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хэлэлцүүлгийн дэг, хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, С.Замира нар оролцов.
Хэлэлцүүлэг эхэлж, байгаль орчны салбар дахь зөвшөөрөл олголтын нөхцөл байдал, тус салбар дахь Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн танилцуулгыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий танилцуулав.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас бүх үйлчилгээгээ e-business.mn, зөвшөөрлийн нэгдсэн сан license.mn системээр буюу цахимаар үзүүлж байгаа аж. Иргэн, аж ахуйн нэгжээс ийнхүү хүсэлтийг цахимаар хүлээн авч байгаа ч цаасаар зөвшөөрөл гарч байгаа учраас гарын үсэг зурах, тамга дарах зэрэг процессын хувьд зарим нэг үйлчилгээ энгийн шат дамжлагатай, уламжлалт аргаар явдаг хэвээрээ байгааг тэрбээр дурдав. Эдгээрийг үе шаттайгаар дахин инженерчлээд, цахимжуулахаар ажиллаж байгаа бөгөөд үр дүнд нь ямар нэгэн албан хаагчийн оролцоогүй, бүх үйл явц цахимаар шийдэгдэх юм байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өнөөдрийн байдлаар 31 тусгай зөвшөөрлийг e-business.mn системээр олгож байгаа хэмээгээд Б.Бат-Өлзий дарга 2023, 2024 оны үйлчилгээ үзүүлсэн талаарх тоон мэдээллийг тайлбарлав. Тус яамнаас олгодог зөвшөөрлүүдээс байгаль орчин нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт хамгийн их хандалттай байдаг аж.
Тусгай зөвшөөрлийг цахимжуулахдаа үйл явцыг цахим болгохоос гадна эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай гэдэг саналыг төгсгөлд нь тэрбээр танилцуулсан.
Дараа нь барилга, хот байгуулалтын салбар, барилгын салбарын зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэл, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, Улсын Их Хурлаар хэлэлцэхийг дэмжсэн төслүүдийн хүрээнд салбарын эрх зүйн орчинд орох голлох өөрчлөлтүүдийн талаар товч мэдээллийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас танилцуулав.
Өнөөдрийн байдлаар барилга, хот байгуулалтын салбарт нийтдээ 7005 ширхэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Зураг төслийн чиглэлээр 1041, барилга угсралтын чиглэлээр 5188, өргөх байгууламжийн чиглэлээр 187, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр 337, хот суурины ус хангамж, ашиглалт үйлчилгээг зохицуулах үйлчилгээ эрхэлж буй 225, хот байгуулалтын баримт бичиг боловсруулж байгаа 27 тусгай зөвшөөрөлтэй компани болохыг илтгэгч дэлгэрэнгүй танилцуулсан. Салбарын яам тусгай зөвшөөрлийн шинэчлэлтийг 2024 оноос эхлүүлж, холбогдох журам, дүрмээ шинэчлэн, хялбаршуулжээ. Салбарын хүний нөөцийн онцлогт нийцүүлэн тодорхой зохицуулалт хийсэн байна.
Барилгын зөвшөөрлийг компанид биш тухайн барилга буюу тодорхой төсөл тус бүрд олгодог онцлогтой бөгөөд салбарын зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, 16 давхраас дээш барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг авах тохиолдолд зөвлөх үйлчилгээний компанитай гэрээ байгуулсан байх зэрэг зохицуулалтыг бол нэмэлтээр тусгасан гэв. Зөвшөөрөл олголтыг хөнгөвчлөн, цахимжуулах чиглэлийн дагуу 2019 оноос үе шаттайгаар цахимжуулсаар 2025 оны 8 дугаар сард license.mn системд бүрэн шилжжээ. 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш цаг хугацааны дарамтыг бууруулж, хүнээс хамааралгүйгээр үйлчилгээ үзүүлж эхэлснээр тусгай зөвшөөрлийг олгоход зарцуулдаг байсан 21 хоногийг нэг хоногт болгон багасгаж, хялбаршуулжээ. Төрийн цахим системд ийнхүү нэгдсэнээр олон мэдээллийг нэг талбараас авах, олон үйлчилгээ, мэдээллийн багцлан хүргэх нөхцөл бүрдсэн давуу талыг мөн тайлбарласан. Цаашдаа цахим системд нэвтрээгүй байгаад бусад тусгай зөвшөөрлийн үйлчилгээгээ цахимжуулахаар ажиллаж байгаа гэв. Өнөөдрийн байдлаар барилга угсралт, зураг төсөл, өрх байгууламж гэсэн гурван чиглэлийн тусгай зөвшөөрөл цахим системд орсон, барилгын материал үйлдвэрлэл эрхлэх зэрэг зарим төрлийн тусгай зөвшөөрлийг тус яамнаас олгохгүй байх зохицуулалт хийж байгааг танилцуулж байв. Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хамт Барилгын тухай болон Хот байгуулалтын тухай, Хот суурины ус хангамж ариутгах татуургын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар холбогдох төслүүдийн хүрээнд тусгагдсан гол зохицуулалтуудыг дэлгэрэнгүй танилцуулсан.
Таван салбарын танилцуулгыг өнөөдрийн хэлэлцүүлгээр сонсохоор төлөвлөсөн бөгөөд Зам, тээврийн яамны Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа сэдвийн хүрээнд салбарынхаа мэдээллийг танилцуулсан юм.
Тус салбарт авто тээвэр, авто зам, усан зам, төмөр зам гэсэн 4 чиглэлээр тусгай зөвшөөрөл олгодог байна. Өнөөдрийн байдлаар 3518 аж ахуйн нэгж авто замын тусгай зөвшөөрөл авсан бол төмөр замын есөн ангиллаар 185 зөвшөөрөл, авто тээврийн хоёр ангиллаар 111 зөвшөөрөл, усан замын тээврийн хоёр ангиллаар 71 зөвшөөрөл олгожээ. Зам тээврийн салбарт нийтдээ 3885 зөвшөөрөл олгосон байна. Нийт зөвшөөрлийн 80 хувийг авто замын тусгай зөвшөөрөл эзэлж байгаа бөгөөд энэ хүрээнд авто зам барих, арчлах, зам, замын байгууламж барих, засварлах, гүүр, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг долоон ангилал байдаг байна. Тус салбарын хэмжээнд Зөвшөөрлийн тухай хуульд дүрэм, журмаа нийцүүлэх ажлыг гүйцэтгэсэн учраас хуулиас давсан дүрэм, журмаар эрх олгох аливаа төрлийн зөрчил үүсээгүй гэдэг мэдээллийг өгөв.
Зам тээврийн салбарын зөвшөөрөл олголтын үйл ажиллагааг мөн license.mn системд нэгтгэсэн учраас ирэх гуравдугаар сарын 01-ний өдрөөс үйлчилгээгээ цахимаар үзүүлж эхлэх аж. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрлийн материал хүсэгч этгээдээс мэдээлэл, баримт, холбогдох материалыг хүний оролцоогүйгээр, бүгдийг нь цахимаар хүлээн авч байгаа юм байна. Үргэлжлүүлэн тэрбээр парламентаар хэлэлцэж буй төслийн хүрээнд тусгах саналуудаа танилцуулсан. Тус яамнаас зөвшөөрөл олголтыг хялбаршуулсантай зэрэгцүүлэн явцын хяналтыг тогтмолжуулж, тусгай шаардлага бүрийг тухай бүрдээ бүрэн хангасан байхыг шаардаж ажиллана гэлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас олгож байгаа тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг тус яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн танилцуулав.
Зөвшөөрлийн тухай болон Үйлдвэр технологийн паркийн тухай хуульд заасны дагуу тус яамнаас үйлдвэр технологийн паркийн тусгай зөвшөөрлийг олгож байгаа аж. Энэ үйл ажиллагааны бүрдүүлбэр нь цахимаар, олголт нь Засгийн газрын тогтоол хэлбэрээр учраас бусад үйл явц нь хуульд заасны дагуу яамдаас санал аваад, Засгийн газарт танилцуулан, шийдвэрлүүлдэг байна. Өнөөдрийн байдлаар хоёр зөвшөөрөл олгосон байна. Мөн холбогдох хуулийн хүрээнд үйлдвэр технологийн паркийн тусгай зөвшөөрлөөс гадна төмөрлөг боловсруулах, машин үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг тус яамнаас олгодог байна. Хүсэлтийг license.mn системээр хүлээн аваад 10 хоногт, сунгах хүсэлтийг 5 хоногт багтаан шийдвэрлэдэг байна.
Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх импортлох болон ашиглах тусгай зөвшөөрлийг мөн тус яамнаас олгодог аж. Мэргэжлийн зөвлөлийн саналд үндэслэн, сайдын тушаалаар энэ төрлийн тусгай зөвшөөрлийг олгодог байна. Монгол Улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил явуулах үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах 120 тусгай зөвшөөрөлтэй 98 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Газрын тосны чиглэлээрх зургаан төрлийн тусгай зөвшөөрлийг цахимаар шийдвэрлэдэг бөгөөд нийт 690 зөвшөөрлийг олгосон байдаг гэв.
Төгсгөлд нь Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Д.Батзориг холбогдох мэдээллээ хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан.
Тус яамнаас өнөөдрийн байдлаар Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу эх үүсвэрийн чиглэлээр гурав, цахилгааны чиглэлээр дөрөв, дулааны чиглэлээр 14, зураг төсөл боловсруулах чиглэлээр нэг буюу нийтдээ 22 ангиллын тусгай зөвшөөрлийг олгодог байна. Эрчим хүчний яам 2018 оноос зөвшөөрлийг цахимд шилжүүлсэн аж. Өмнө нь зөвшөөрлийн асуудлаар ажлын хэсэг байгуулж, сондгой сард хуралдан, улирал тутам шийдвэр гаргадаг байжээ. Цахимжуулж эхлээд тухай бүрдээ систем хөгжүүлэлтийг хийж өдгөө license.mn системээр хүсэлтийг хүлээж аваад ажлын 10 хоногт шийдэж байгаа гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр өнөөдрийг хүртэл салбарын яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн тоон мэдээллийг танилцуулсан. 2025 онд нийтдээ 462 компани тус яамнаас тусгай зөвшөөрөл бол хүссэн бол 453-д нь тусгай зөвшөөрлийг олгож, шаардлага хангаагүй 9 компанийн хүсэлтийг татгалзсан байна.
Зөвшөөрлийн нэмэлт энэ хуулийн өөрчлөлтөөр Эрчим хүчний яамнаас одоо олгож байгаа 22 тусгай зөвшөөрлөө цөөлөөд, долоо болгох саналаа хүргүүлээд байгаа гэв. Мөн тусгай зөвшөөрлийг яамнаас олгохгүйгээр мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагаас дамжуулан олгодог болгохоор ажлын хэсэг байгуулан, судалж байгаа аж. Энэ сардаа багтаагаад сонгон шалгаруулалтаа явуулаад, төрийн бус байгууллага руу тусгай зөвшөөрлийн эрхээ шилжүүлэх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
Ийнхүү Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яамнаас тус бүрдээ танилцуулга хийсний дараа Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис танилцууллаа.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгынхаа хүрээнд нэр бүхий гишүүдийн хамтаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.
Эхлээд хуулийн төслийг боловсруулах шаардлагын талаар танилцуулсан. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр Төрийн бүтээмжийн үндэсний хороог даргалж байх хугацаандаа төрийн байгууллага бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн оролцох зарчмыг судалж, боловсруулсан байна. Энэ хүрээнд төрөөс бизнесийн байгууллагатай бүртгэл буюу мэдэгдлийн зарчмаар харилцах боломжтой хэмээн үзсэн байна. Өөрөөр хэлбэл, хүн, амьтан, хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөөгүй, эрсдэл багатай төрлийн бизнесийг эрхлэхдээ “Энэ хорооны нутаг дэвсгэрт, ийм байрны гадаа, энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байна” гэж мэдэгдээд үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Түүнд тавигдах эрүүл ахуйн болон бусад шаардлагыг нь хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь холбогдох хууль, журмынхаа дагуу шалгаад явах нь зохистой гэж үзсэн аж.
Олон улсын байгууллагуудын гаргасан судалгаанд үндэслэн дөрвөн төрлийн зөвшөөрлийн харилцаа байх нь оновчтой гэж үзсэн бөгөөд лиценз буюу байнгын шинжтэй зөвшөөрөл, мөн нэг удаагийн шинжтэй, тодорхой байршил дээр тухайн үйл ажиллагааг нэг удаагийн зөвшөөрөл олгох харилцаа дөрөв дэх нь хяналт, шалгалт байх нь зохистой гэж тодорхойлжээ. Ийм дөрвөн чиглэлээр бизнес үйл ажиллагаанд төрөөс оролцох зарчмыг дэвшүүлээд, энэ хүрээнд “Чөлөөлье” санаачилга хэрэгжиж байгаа гэв.
Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталснаар тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсан болохыг тэрбээр танилцуулаад “Үүнээс хойш 20 орчим зөвшөөрөл нэмэгдсэн гэж үзэж байгаа. Холбогдох судалгаануудаас үзэхэд 1000 гаруй зөвшөөрлийг 300 гаруй болгон цөөлсөн ч бусад хууль, журам, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрлийн шинжтэй үйл ажиллагаа явуулах болсон. Тиймээс зөвшөөрлийн тогтолцоог илүү сайжруулах шаардлага байна гэж харагдаж байна. Үнэхээр зөвшөөрөл шаардлагатай үйл ажиллагааг хуульчлах, эс бөгөөс аль нэг даргын тушаал, баталсан журмаар зөвшөөрөл олголтыг шийдээд байх магадлалтай хэмээн үзсэн” гэв.
Зөвшөөрлийн тухай хуулиар зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой захиргааны хэм хэмжээний акт гаргахыг хориглосон байхад Зөвшөөрлийн зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар хууль болон журамд давхардсан байдлаар 33 зөвшөөрөл, эрх бүхий байгууллагаас 89 журмаар зөвшөөрлийг нь шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан. Энэ бүхнийг цэгцэлж, хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тухай бүрд зохих арга хэмжээг авч хэрэгжүүлснээр зохих үр дүн гарч, хүнд суртал бууран, зарим зөвшөөрөл байхгүй болсон талаар танилцуулсан.
Үргэлжлүүлэн тэрбээр энэ төрлийн харилцааны талаарх Казакстаны туршлагыг, мөн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Төслийн гол үзэл баримтлал бол зөвшөөрлийн тоог бууруулж, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн орон зайг чөлөөлөх бөгөөд зөвшөөрөл олгохоос гадна сунгахтай холбоотой асуудлыг цэгцэлж, хялбаршуулах юм байна.
Одоо байгаа 250 байсан тусгай зөвшөөрлийг 205 болгож бууруулах, заримыг нь энгийн зөвшөөрөл болгож байгаа учраас 121 энгийн зөвшөөрөл 134 болж байгаа юм байна. Хуулийн төслийг d.parliament.mn сайтад нийтлээд даруй хоёр сар гаруй болж байгаа учраас сонирхогч талууд бүрэн танилцаж, санал хүсэлтээ илэрхийлсэн хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн удаах чухал үзэл баримтлал нь цахимаар аль болох олон асуудлыг шийдэх бөгөөд төрийн үйл ажиллагааг цахимжуулж, хүнд суртлыг бууруулах юм байна. Төрийн байгууллага бүр тус бүрдээ цахим систем хөгжүүлэх нь хүндрэлтэй байх учраас Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд license.mn зөвшөөрлийн нэгдсэн цахим санг нэвтрүүлээд байгааг дурдав. Тус системд төрөөс олгож буй ихэнх зөвшөөрөл нэвтэрсэн бөгөөд цөөхөн тооны зөвшөөрөл цахимжаагүй үлдсэн байгааг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэв. Ингэснээр цаг хугацаа, үйл ажиллагаа ихээхэн хэмнэж байгааг тайлбарласан.
Төсөлд тусгагдаж буй Зөвшөөрлийн зөвлөлийн талаар танилцуулсан. Энэ зөвлөл нь зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих ёстой атал чиг үүргийн хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд байсан. Үүнийг шийдвэрлэж, тус зөвлөлийг Эдийн засаг, хөгжлийн яаманд бүрэн шилжүүлэхээр төсөлд тусгажээ.
Танилцуулгынхаа төгсгөлд Улсын Их Хурлын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис төсөл дэх “мэдэгдэл” хэмээх шинэ хэлбэрийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Одоогийн хүчин төгөлдөр байгаа хуулиар 370 зөвшөөрөл байгааг төслийн хүрээнд “мэдэгдэл” хэмээх шинэ хэлбэрээ оруулаад 360 болгон бууруулахаар тооцжээ.
Ийнхүү танилцуулгууд хийсний дараа хэлэлцүүлэгт оролцож буй төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл өнөөдрийн хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх санал, шийдлийн талаар санал хэлж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин хэлэлцүүлэгт оролцож, төслийн талаар саналаа илэрхийлсэн оролцогчдод талархал илэрхийлээд, иргэн, аж ахуйн нэгжийг төлөөлөн эрх зүйн орчны өөрчлөлттэй холбоотой саналуудаа илэрхийлэн боломж нээлттэй байгааг санууллаа. Үүгээр байгаль орчин; барилга, хот байгуулалт; зам, тээвэр; уул уурхай, хүнд үйлдвэр; эрчим хүчний салбарынхны дунд өрнүүлсэн “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт өнөөдрийн хэлэлцүүлэг өндөрлөлөө.
Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс зохион байгуулж буй “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг маргааш (2026.02.25) банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээ; санхүү эдийн засаг, гааль, хөрөнгө оруулалт; харилцаа холбоо, мэдээллийн технологи; соёл боловсролын салбарынхны хэлэлцүүлгээр үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.