
Яармаг, Арцат –Хархорин, Өнөр хороолол чиглэлийн Дүүжин замын тээвэр төслийн хүрээнд төлөвлөсөн нийт 19 тулгуур баганы угсралтын ажил бүрэн дууслаа. Тус төсөл нь 4.2 км урт шугамтай, 6.5–42 метрийн өндөртэй тулгуур багануудтайгаар төлөвлөгдсөн. Ийнхүү төслийн үндсэн суурь бүтцийг бүрэн угсарснаар барилга угсралтын ажил 61.7 хувийн гүйцэтгэлд хүрээд байна. Төслийг Франц улсын дүүжин замын систем үйлдвэрлэгч “Poma Group” компанитай хамтран дотоодын “Моннис Инженеринг” групп гүйцэтгэж байна.
Талбайн ахлах инженер Д.Батчулуун “Тулгуур багануудыг суурилуулах явцад аюулгүй ажиллагаа, барилгын норм, стандартын мөрдөлтийг нэн тэргүүнд тавин ажиллалаа. Өнөөдөр цасан шуургатай байсан ч салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнд байсан тул угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн” гэв.
Яармаг, Арцат–Хархорин, Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хугацааг богиносгох, байгальд ээлтэй нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэхэд чиглэсэн томоохон дэд бүтцийн төсөл юм.





ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС