
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ноос ноолуур, банкны салбарынхантай уулзав. Манай улс 2025 онд 4000 тонн самнасан ноолуур экспортолсон нь 2024 оныхтой харьцуулахад 5.7 дахин өссөн үзүүлэлт бөгөөд 335 сая долларын орлого олжээ. Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийн (6.8 хувь өссөн) 40 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж, үүнд ноос ноолуурын экспорт зонхилон нөлөөлжээ.
Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, хамтран ажиллахаа банкны салбарынхан илэрхийлээд чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн 15 жилд байгаагүйгээр буурч, 4.6 хувьд хүрсэн гэдгийг онцоллоо. Нөөцөлсөн түүхий эд, томоохон хөрөнгө оруулалтын гэрээг барьцаалж зээл олгох, санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэг асуудлыг судалж үзэхийг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт хэлэв.

Уулзалтын үр дүнд гүн боловсруулалт хийж, ээрэх үйлдвэр байгуулах төслийг бодлогоор дэмжих, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд оролцоход дэмжлэг үзүүлэх, нийслэлд ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулахыг дэмжиж ажиллахыг ХХААХҮЯ-нд үүрэг болголоо. Сүхбаатар аймагт энэ сарын 21-нд ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулахаар болж, салбарын яам бэлтгэл ажил хангах ажлын хэсэг томилов. Мөн татварын бодлогоор хэрхэн дэмжиж болох талаар судалж, санал боловсруулахыг Сангийн яаманд даалгалаа.
