“Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна
2026-03-05

 

2026 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутан, суралцагчдын бүртгэл үргэлжилж байна. Энэ жил оюутан, суралцагчид цэргийн 13 төрлийн мэргэжлээс сонгон суралцах боломжтой юм. Бүртгэл энэ сарын нэгний өдрөөс эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын I, II, III дамжааны оюутан төрийн мэдээллийн нэгдсэн систем E-Mongolia-гаар цахимаар бүртгүүлэх боломжтой. Харин мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл, сургалтын байгууллагын тодорхойлолт, сургалтад хамруулах тухай зөвшөөрөл, дүнгийн хүснэгт зэрэг баримт бичгийг бүрдүүлэн харьяа аймаг, дүүрэг /нийслэл/-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт биечлэн очиж бүртгүүлэх юм.

Сургалтад хамрагдах оюутан, суралцагчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын I, II, III дамжаанд, эсвэл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх,
  • Тухайн жилийн зургаадугаар сарын 15-наас өмнө 18 нас хүрсэн байх,
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сүүлийн нэг жил төлсөн байх,
  • Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байна.

Сургалтын онолын бэлтгэл дөрвөн төрлийн хичээлээр явагдана. Үүний дараа оюутнууд ерөнхий шалгалт өгч, 60-аас дээш оноо авсан тохиолдолд мэргэжлийн бэлтгэлд хамрагдах боломжтой. Ингэснээр өөрсдийн суралцаж буй мэргэжилдээ тулгуурлан цэргийн бага мэргэжил эзэмшинэ. Энэ жилийн хувьд эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлийн хичээлүүдийг түлхүү орно.

“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 10 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдсан бол энэ онд хөтөлбөрийн жилийн квотыг нэмэгдүүлж 2000 оюутан, суралцагчийг хамруулах юм. Мөн  "Оюутан цэрэг" хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол өнгөрсөн онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон юм.

ЭХ СУРВАЛЖ:. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл