УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг өргөн барилаа
2026-03-09

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг Улсын их хурлын дарга Н.Учралд өргөн барилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төсөл нь тусдаа хууль биш бөгөөд Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зохицуулахаар тусгажээ. Энэ хуулийн төслийг ямар горимоор хэрхэн хэлэлцэхийг УИХ хууль, журмынхаа дагуу шийдвэрлэнэ гэж мэдээллээ.

Хуулийн төсөлд 1992 оны Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох тухай хуулийн заалтыг тодорхой болгож, эгүүлэн татах үйл явцыг тодорхой болгож байна. Тодруулбал, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой дараах үндсэн гурван агуулгыг оруулж байгаа бөгөөд удахгүй Dparliament.mn цахим сайтад байршуулж, иргэд олон нийтээс санал авах юм байна.

  1. УИХ-ын гишүүний тангарагт ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих гэдэг үгийг нэмж оруулна. Ингээд ёс зүйн хэм хэмжээгээ зөрчиж өргөсөн тангаргаасаа няцвал эгүүлэн татах үндэслэл болох юм. УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хамгийн ихдээ цалингийн 20 хувь хасуулдаг шийтгэлийг өөрчилж, эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авах байдлаар өөрчлөх юм байна.
  2. УИХ-ын гишүүн чуулганы хуралдааны 70-аас дээш хувьд нь биечлэн оролцох ёстой. Үгүй бол сонгогчдын зүгээс Ёс зүйн дэд хороонд өргөдөл гаргаж хэлэлцүүлнэ. Улмаар УИХ-ын чуулганаар тухайн гишүүний асуудлыг хэлэлцэж, дараа нь Үндсэн хуулийн цэцээр хэлэлцүүлж, эгүүлэн татахаар хуульчилна.
  3. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол эгүүлэн татах үндэслэл болно.

Энэ хуулийн төсөл нь батлагдсан өдрөөсөө эхлэн хэрэгжих бөгөөд хууль хэрэгжсэнээр УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлага дээшилж, парламентын дархлаа, нэр хүнд өснө гэж үзэж байна.

Сэтгэгдэл