
Улаанбаатар хотын төвийн бүсийн түгжрэлийг бууруулах, хотын захын бүсүүдийг хооронд нь холбосон тээврийн шинэ коридор бий болгохоор “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлж буй. Тодруулбал, нэг болон хоёрдугаар тойрог зам нь нийт 50 гаруй километр үргэлжилнэ.
Уг замын трассыг сонгохдоо инженерийн шийдлээс гадна байгаль орчин, эдийн засгийн үр ашиг, хот төлөвлөлтийн урт хугацааны бодлогыг харгалзан үзсэн аж. Тухайлбал, байгалийн нөөц газар, чийглэг бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс зэрэг “улаан шугам”-ыг тойрч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахаар төлөвлөсөн байна. Мөн хог хаягдал бүхий цэг, ашиглагдаагүй хуучин коридоруудыг трасст оруулснаар газар чөлөөлөлтийн зардлыг бууруулж, төсвийн хэмнэлт гаргахын зэрэгцээ хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг хэсгүүдийг дэд бүтцээр дамжуулан сэргээх боломжийг тусгажээ.
“Шинэ тойрог зам” төсөл нь Улаанбаатар хотыг олон төвт хот болон хөгжихөд чухал түлхэц болж, захын хорооллын иргэдийн амьдрах орчин, тээврийн хүртээмжийг сайжруулах гол хөшүүрэг болох юм. Урьдчилсан тооцооллоор төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг 23 орчим хувиар бууруулж, замын хөдөлгөөний дундаж хурдыг 23.3 хувиар нэмэгдүүлэх боломжтой.
ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС