Б.Батбаатар: Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-ын нэр дээр захиалгын хүн дэвшүүлэхгүй
Иргэний зориг ногоон намын онц их хурлаар намын дарга Б.Батбаатарыг гишүүнчлэлээс хасаж, оронд нь УИХ-ын гишүүн Р.Батболдыг ИЗНН-ын даргаар сонгосон гэж өчигдөр намын гишүүд нь мэдээлсэн. Харин өнөөдөр намаасаа хөөгдсөн гэх ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар хариу мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллийн агуулгыг тоймлон хүргэе.
- С.Батбаатар, Р.Батболд нар өчигдөр намын онц их хурал гэх хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан. Намын дүрэмд онц их хурал гэж байхгүй. Намын дарга улс төрийн зөвлөлийн хурал зарлаж, намын их хурлыг зарладаг зохицуулалттай.
- Намын дүрмээр гишүүнийг хасах асуудлыг Хяналтын хороо, ёс зүйн хороо шийдвэрлэдэг. Иймээс хэн нэгэнд намайг намаас хасах эрх байхгүй.
- Нам үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэдэг нь худал. Дээд шүүхийн бүртгэхээс татгалзсан намын дүрмийн өөрчлөлтийг тодруулж, бүртгүүлэх тул намын дүрэмд асуудал гарахгүй.
- 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН улс төр, бизнесийн бүлэглэлийн захиалсан хүнийг намынхаа нэр дээр дэвшүүлэхгүй. Үүнийг мэдэгдсэнээс хойш манай намд ийм асуудал үүслээ.
- Үүнийг зохион байгуулж буй С.Батбаатар нар нь надаас тодорхой албан тушаалд томилж өгөхийг хүсч байсан. Би хууль бус томилгоо хийгээгүй учраас одоо ийм асуудал гаргаж байна.
- УИХ-ын гишүүн Р.Батболд ИЗНН-ын үйл ажиллагаа, санхүүжилтэд нэмэр болоогүй. ИЗНН-д таван сая төгрөг хандивласан, УИХ-ын сонгуульд нэг ч төгрөг зарцуулаагүй хүн.