Хөгжлийн банкны гэх 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2026-03-10

Шийдвэрийн дугаар: 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр №272

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Шийдвэрийн тойм: №02

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг зарим шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж, үнэлэн дүгнэж дараах байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, мөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Үүнд:  

Нэг. Зарим шүүгдэгч нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон талаар:      

Дээд шатны шүүхийн өмнөх шийдвэрүүдэд тодорхой зааснаар “анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн алдаа, анхаарах асуудал” бүрийг анхан шатны шүүхээс дахин давтсан буюу хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт огт хийлгүй орхигдуулсан байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-д заасан “...Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно”, мөн Тавьдугаар зүйлийн 2-т заасан “ Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээд шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх үндэслэл, журам”-д тус тус нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарч байна.    

Мөн анхан шатны шүүх нь “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтлэг болон тусгай зарчмууд, нотолгооны стандарт шаардлага, хэргийн бодит байдалд үл нийцэх”, хийсвэрлэсэн шинжтэй зарим дүгнэлт хийсэн, дээд шатны шүүхээс “үндэслэл хангалтгүйд тооцогдсон дүгнэлт”-ийг дахин хуулбарлан бичсэн зэргийг зөвтгөх боломжгүй.      

Аливаа гэмт хэргийн шинжийг зөвхөн хуулийн нэр томьёоны тодорхойлолт, хийсвэрлэх байдлаар нотлох, эсхүл үгүйсгэх боломжгүй бөгөөд тухайн гэмт хэргийн шинжийг тогтоохын тулд гэмт хэргийг зүйлчлэх онол, хууль тайлбарлах арга зүйг ашиглаж, улмаар эрүүгийн хэрэгт цугларч, шинжлэгдсэн яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжуудыг бүрэн, бодитой, нягт, бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлсний эцэст тухайн гэмт хэргийн болон төсөөтэй бусад гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон, эсхүл үгүйсгэгдэж байгааг шүүгдэгч тус бүрийн хувьд эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлээр бүрэн, зөв, оновчтой дүгнэсэн байхыг зайлшгүй шаарддаг.     

Хэргийн бодит байдлыг таамаглах байдлаар буюу үзэл бодлоор шийдвэрлэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь тухайн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжигдсэн эсэх шалгуураар тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаж, үнэлж дүгнэсний эцэст гагцхүү няцаан үгүйсгэх боломжгүй буюу үндэслэл бүхий эргэлзээ үүссэн гэдгийг батлан дүгнэсэн байх ёстой. Тодруулбал:          

1.1. Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүдийн хамтран үйлдсэн гэх хэргийн тухайд;     

Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр ажиллаж байсан Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Н.Баярчимэг, О.Хуягцогт, Д.Даваасамбуу, Б.Махбал нар нь холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “НВЦ”, “Монгол драй милк”, “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Мондулаан”, “Бэрэн групп” зэрэг компаниудад тус тус хууль бус давуу байдал бий болгоход “1-ээс 7” хүртэлх удаагийн үргэлжилсэн үйлдлээр хамтран оролцож, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон. Учир нь: 

Анхан шатны шүүхээс “хэргийн болсон үйл явдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, хамтран оролцоо”-нд хамаарах яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг нотолгооны стандарт шаардлагын хүрээнд нарийвчлан, бүрэн, бодитой шалгаж үнэлээгүй буюу эсрэг тэсрэг эх сурвалж бүхий нотлох баримтуудын аль нэг хэсгийг баталсан эсхүл үгүйсгэн няцаасан талаарх хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 362 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 138 дугаар тогтоолд дээрх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн шинж буюу хууль зөрчсөн үйлдэл тус бүрийг нотлох баримтын эх сурвалжид тулгуурлан нарийвчлан тогтоох, улмаар хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийвэл зохих зарим асуудлуудыг тодорхойлсон байтал анхан шатны шүүх өмнөх алдаагаа дахин давтаж, дээд шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг биелэгдээгүй байна.    

Мөн анхан шатны шүүх “хэргийн бодит байдлыг тогтооход баримтлах хууль, зарчим, нотолгооны стандарт шаардлагад үл нийцэх”, хийсвэрлэсэн шинжтэй зарим дүгнэлт хийснийг зөвтгөх боломжгүй. Тухайлбал,    

“Шүүх нь Улсын Их хурлаас батлагдсан Хөгжлийн банкны тухай хуулийн хэм хэмжээнээс давсан, эрх зүйн хүчин чадлын хувьд зөвхөн дотоод үйл ажиллагаанд ашиглагдах нийтээр дагаж мөрдөх шинжгүй журмын зохицуулалтыг баримтлан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах боломжгүй ба уг зөрчил нь бусад хуулиар хамгаалагдсан хариуцлага хүлээх харилцаа байна”,   

мөн Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хамтын зарчмаар шийдвэр гаргасан байхад зөвхөн тус зөвлөлийн дарга нар гэм буруутай гэх мэтээр зөвтгөх боломжгүй таамаглалын шинжтэй нөхцөл байдлыг үүсгэжээ. 

1.2. “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох шүүгдэгч Г.Галсаннямд холбогдох гэмт хэргийн шинжийг хэрэгт авагдсан яллах, цагаатгах нотлох баримтуудыг нотолгооны стандарт шаардлагын дагуу шалгаж, үнэлэн дүгнээгүй, үгүйсгэн няцаах эсхүл баталсан дүгнэлтийг эргэлзээгүй, хангалттай байдлаар хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцох ба энэ талаарх шүүгдэгч Г.Батдорж, тэдний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлийг шууд үгүйсгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 

1.3. Шүүгдэгч Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарт холбогдох Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи ресурс” ХХК-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, улмаар “Энержи ресурс” ХХК, “Говийн зам” ХХК-иудад хууль бус давуу байдал бий болгосон гэх хэрэг,

мөн Н.Алтанхуягт холбогдох Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин “Бэрэн групп” ХХК-нд хууль бус давуу байдал бий болгосон хэргүүдийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ хамаарах яллах ба цагаатгах нотлох баримтуудад бодитой тулгуурлан нотолгооны стандарт шаардлагын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан, мөн дээд шатны шүүхээс хүчингүй болгосон буюу өмнөх анхан болон давж заалдах шатны дүгнэлтийг дахин хуулбарлан бичсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд тус шүүхээс зөвтгөх боломжгүй.   

Прокурорын яллах дүгнэлт болон Улсын Дээд шүүхийн тогтоолын дүгнэлт, прокуроруудын эсэргүүцэл, холбогдох шүүгдэгч нар, өмгөөлөгч нарын тайлбар зэргээс үзэхэд, дээрх шүүгдэгч нарын үйлдсэн гэх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд гэмт хэргийн шинж, нотолбол зохих асуудал нэг бүрийг яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтуудын хүрээнд нотолгооны стандарт шалгуурын дагуу нарийвчлан, бүрэн, бодитой шалгаж, үнэлж дүгнэх буюу эсрэг тэсрэг эх сурвалж бүхий нотлох баримтуудын аль нэг хэсгийг, эсхүл бүхэлд нь баталсан, эсхүл үгүйсгэн няцаасан талаарх хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн байна. Тухайлбал:   

- 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон “Говийн зам” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлд авто зам барих, ашиглах, шилжүүлэх тухай” 74 дугаар концессын гэрээгээр хүлээсэн талуудын эрх, үүрэг, үндсэн ба бусад нөхцөл, хэрэгжих хугацаа 10 жил, түүнийг цуцлах, маргаан үүссэн тохиолдолд шийдвэрлэх журам зэрэг нь тодорхой зохицуулагдсан, мөн 

- Энержи Ресурс ХХК болон Эрдэнэс монгол ХХК-ийн компаний хооронд 2011 онд хийгдсэн Гашуун сухайт боомт дахь шалган нэвтрүүлэх дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай консерцумын гэрээгээр талуудын эрх, үүрэг, үндсэн ба бусад нөхцөл, хугацаа зэрэг нь тодорхой зохицуулагдсан байтал дээрх гэрээний талуудын хүсэл зориг, гэрээгээр зохицуулагдсан асуудлуудыг үл харгалзан дур мэдэж буюу яаралтай гэх горимоор төрийн өмчид авах тухай Засгийн газрын шийдвэрийн үндэслэл болгосон үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, хамаарах бусад хууль тогтоомжид заасан төрийн үйл ажиллагааны үндсэн ба тусгай зарчмууд, гэрээний талуудын эрх тэгш, чөлөөт байдал зэрэгт хэрхэн нийцсэн эсэх,     

- Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлт авто зам барих тухай гэрээг захиалагч талаас Зам тээврийн яам байгуулсан байхад тус яамны санал, гэрээний нөхцөлийг үл харгалзан Эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулсан нь үндэслэлтэй эсэх, 

- Энержи Ресурс ХХК-иас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт ирүүлсэн гэх “мэдээлэл хүргүүлэх тухай албан тоот” нь 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, эсхүл 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүргэгдсэн эсэх, тус мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг нь гэрээний дагуу барьсан зам, дэд бүтцүүдийг төрд худалдах утга агуулгатай байсан эсэх буюу албан бичиг дэх бичвэр нь Засгийн газар яаралтай горимоор хэлэлцэх асуудалд хэрхэн хамааралтай эсэх, 

- Энержи Ресурс ХХК-иас ирүүлсэн “мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичигт үндэслэн Засгийн газар яаралтай горимоор хуралдсан нь холбогдох хууль тогтоомжид хэрхэн нийцсэн эсэх,  Засгийн газрын хуралдааны журмын 7.8-д заасан үндэслэл, журам хэрхэн зөрчигдсөн эсэх, 

- Засгийн газрын хуралдаанаар “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг яаралтай гэх горимоор хэрхэн хэлэлцсэн эсэх, ямар судалгаа, үндэслэлд тулгуурлан хэлэлцсэн эсэх, гишүүдийн олонхын санал авч дэмжигдсэн эсэх, асуудлыг хариуцсан гэх сайд тухайн тогтоолын төслийг бичмэл хэлбэрээр бус зөвхөн аман байдлаар танилцуулсан нь үндэслэлтэй эсэх,    

- Хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан гэрээний дагуу хувийн хэвшлийн барьсан  зам, дэд бүтцийг төрийн өмчид авах асуудлыг хэн санаачилсан, хэн яаралтай горимын журмаар хэлэлцүүлэхээр оруулсан эсэх, тэдгээрийн үйлдэл, үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй эсэх,

- Засгийн газрын яаралтай горимоор хуралдсан хуралдааны тэмдэглэлийг хасаж цуглуулж бэхжүүлсэн, бүрэн судалсан эсэх,  

- Хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг төрийн өмчид авахад УИХ-ын холбогдох байнгын хороодын санал, Сангийн яамны саналыг авсан байх гэх шаардлага хэрхэн хангагдсан эсэх,  

- Хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг төрд худалдан авах тохиолдолд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх үндэслэлтэй байсан эсэх, улмаар 

-Хөгжлийн банкнаас хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг санхүүжүүлэхдээ “бодит өртгөөс илүү үнээр үнэлүүлж” худалдан авсан эсэх зэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нарийвчлан дүгнээгүй, холбогдох баримтуудыг үгүйсгэж няцаагаагүй байна.   

Мөн анхан шатны шүүх нь шүүгдэгч Н.Алтанхуягт холбогдох “Бэрэн групп” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсонд хамаарах анхан болон давж заалдах шатны шүүхийн өмнөх дүгнэлтийг дахин хуулбарлаж буюу агуулгаар нь сэргээн бичжээ.     

Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд дүгнээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх бөгөөд зөвтгөх үндэслэлгүй болно.   

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход нотолбол зохих байдал, түүнд хамаарах яллах ба цагаатгах бүхий л нотлох баримтуудыг нотолгооны стандарт шалгуурын дагуу бүрэн, бодитой харьцуулан шалгаж, эргэлзээгүй бөгөөд хангалттай байдлаар үнэлэн дүгнэх шаардлагатай. 

Хоёр. Зарим шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн талаар: 

2.1. Шүүгдэгч Т.Пүрэвсүрэн /Хөгжлийн банкны мэргэжилтэн/ холбогдох “Мон дулаан трейд”  ХХК болон “Бэрэн групп” ХХК-нд тус тус хууль бус давуу байдал бий болгоход танилцуулга бэлтгэн хамтран оролцсон гэх хэргүүдийг хэрэгсэхгүй болгосныг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь “Мон дулаан трэйд” ХХК-тай холбоотой хууль зүйн дүгнэлтийг Ц.Билгүүн гардан гүйцэтгэсэн болох нь нотлогдож, ял шийтгэл хүлээсэн, мөн “Бэрэн групп” ХХК-ийн талаарх хууль зүйн дүгнэлт нь гэмт хэрэг үйлдэгдэх үндэслэлд хамааралгүй болох нь нотлогдов.    

2.2. Шүүгдэгч С.Батзориг /Хөгжлийн банкны мэргэжилтэн/-ийн “Бэрэн групп” ХХК-д хууль бус давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх гэмт хэргийн шинжийг прокуророос хангалттай үндэслэл бүхий үйл баримтаар яллаагүй байна. Учир нь шүүгдэгч С.Батзориг нь зээлийн хорооны гишүүн биш байхад яллах дүгнэлтэд зээлийн хорооны 2017/87 тоот дүгнэлтийг хамтын зарчмаар гаргаж гэж бичсэн нь үндэслэлгүйгээс гадна Хөгжлийн банкны зээлийн хороо зээлийн хороо 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хуралдсан, төлөөлөн удирдах зөвлөл 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус тус хуралдаж, шийдвэрүүд гарснаас хойш буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр танилцуулга бэлдсэн боловч тухайн танилцуулгыг гаргахдаа ХААН банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 19/10009 дугаар “Бэрэн групп хугацаа хэтэрсэн өр зээлгүй” гэсэн албан бичгийг танилцуулгад оруулсан нь С.Батзоригийг гэм буруутай гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй гэж үзсэн.  

2.3. Шүүгдэгч Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул (Хөгжлийн банкны зээлийн хорооны гишүүд), шүүгдэгч Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Б.Батзаяа (Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд) нарт холбогдох “Бэрэн групп” ХХК-нд хууль бус давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамтран оролцсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Учир нь:

- Тухайн шүүгдэгч нарын хувьд Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг холбогдох хууль тогтоомж зөрчсөн эсэхийг мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй буюу хянан шалгах эрхгүй байсан нь нотлогдсон,  

-  Яллах дүгнэлтээр зээлийн хорооны гишүүдийг буруутгахдаа 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний хооронд 7 удаагийн санхүүжилтээр нийт 44.3 тэрбум төгрөгийг хууль бусаар олгосон гэх үндэслэл тогтоогдоогүй, дээрх нэр бүхий зээлийн хорооны гишүүд 7 удаа зээл олгох үе шат болгонд хуралдсан гэх үндэслэлгүй, харин 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн хороо хуралдахад Г.Одонтуул, М.Золжаргал нар хуралд оролцсон, бусад үе шаттай олгосон гэх зээлийг Хөгжлийн банкны зээлийн хорооны шинэчлэгдсэн буюу өөр гишүүд олгосон байх тул гэмт хэргийн шинж болон төгссөн цаг хугацаа зэргийг бүрэн нотолж чадаагүй. 

- Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн тухайн гишүүд 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар “Бэрэн групп” ХХК-д зээл олгох тухай” тогтоол гаргахдаа хуралдаанд баримтлах журам болон бусад хууль тогтоомжийн дагуу биелүүлэх ёстой ямар үүргүүдийг хэрхэн зөрчсөн буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашигласан эсэх зэргийг хангалттай үйл баримтын хүрээнд нарийвчлан тодорхойлж тогтоогоогүй, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд зааснаар тус шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих дотоод аудитын нэгжид хүлээлгэсэн үүрэг биелэгдсэн эсэхийг нотолж тогтоогоогүй, 

- Түүнчлэн зээлийн хороодын гишүүдийн үйлдэл 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн үйлдэл 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хойш тус тус тасралтгүй үргэлжилсэн гэж үзэх үндэслэлгүй байхад Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаа, гэмт хэрэг төгссөн гэж үзэх шалгуур, үндэслэл, журмын дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу гэмт хэргийн зүйлчлэл буюу гэм буруу, бусад асуудлыг юуны өмнө шийдвэрлэх ёстой байсныг орхигдуулсан, хэрэглэвэл зохих Эрүүгийн хуулийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзлээ. 

Гурав. Зарим шүүгдэгч хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн удирдлага нарт холбогдох хэргийг гэм буруугийн хуралдаанаас дахин шийдвэрлүүлэх талаар: 

3.1. Шүүгдэгч Ш.Бүтэд, Х.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбилэг, 

3.2. Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат, 

3.3. Б.Даажамба, М.Баярмагнай, 

3.4. Г.Батдорж нар хамаарна.  

Шүүгдэгч Ш.Бүтэд нь Хөгжлийн банкны мэргэжилтэн, зээлийн хорооны болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд зэргийг бүхэлд нь хатгасан эсэх, шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбилэг нарын хувьд нэгэн зэрэг хатгагч, зохион байгуулагч эсэх болон зөрүүтэй бусад асуудлыг нарийвчлан дүгнэх шаардлагатай.  

Шүүгдэгч Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарт холбогдох Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи ресурс” ХХК-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, улмаар “Энержи ресурс” ХХК, “Говийн зам” ХХК-иудад хууль бус давуу байдал бий болгосон гэх хэрэг, Н.Алтанхуягт холбогдох “Бэрэн групп” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх хэргийг тус тус цагаатгасныг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарыг гэм буруутайд тооцсон бусад гэмт хэргийг бүхэлд нь дахин хянан хэлэлцүүлэх үндэслэлтэй.   

Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр ажилласан байсан Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Н.Баярчимэг, О.Хуягцогт, Д.Даваасамбуу, Б.Махбал нарт холбогдох хэргийг цагаатгасныг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тухайн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Даажамба, М.Баярмагнай нарыг тусгаарлан гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, хамтад нь дахин хянан хэлэлцүүлэх;      

“Сэлэнгийн герефорд” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох шүүгдэгч Г.Галсаннямд холбогдох гэмт хэргийг цагаатгасныг хүчингүй болгож шийдвэрлэсэн учраас Г.Батдорж, Г.Галсанням нарын гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, гэм хорыг хэрхэн хариуцах эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх;      

Шүүгдэгч Ш.Бүтэд, Х.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбилэг, Г.Батдорж болон бусад шүүгдэгч нар “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг”-т хатгагчаар хамтран оролцсон тухайн тохиолдолд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг дахин давтах ёсгүй болно.      

Мөн анхан шатны шүүхээс холбогдох хуулийн этгээдийн удирдлага буюу нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийн үргэлжилсэн болон төгссөн цаг хугацаа, хөөн хэлэлцэх хугацааны талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлээр дүгнээгүй байх тул зөвтгөх боломжгүй.  

Зөвхөн прокурорын хэлсэн гэх нотолгооны ямар ч эх сурвалжгүй саналаар буюу мөнгө угаах гэмт хэргийн үргэлжилсэн үйлдлийг “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан”-аар таслан зогсоогдсон эсхүл дууссан гэж бичсэн байх нь хангалттай үндэслэл, үйл баримтад тулгуурласанд тооцогдохгүй болно.    

Дөрөв. Зарим хэргийг эрүүгийн хариуцлагын хуралдаанаас шийдвэрлүүлэх  талаар: 

Дараах шүүгдэгч нарын хувьд анхан шатны шүүхээс тэдний гэм бурууг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, харин эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, бусад алдаа зөрчил гаргасан байх тул зөвтгөх боломжгүй.  

4.1. Шүүгдэгч Т.Мөнхтулгад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх  дууссан, эсхүл дуусаагүй талаарх нотлох баримтыг анхан шатны шүүх зайлшгүй дүгнэх шаардлагатай. “Баруун баян транс” ХХК-нд хууль бус давуу байдал бий болгож, улмаар хамгийн сүүлчийн санхүүжилт нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шилжсэн байх тул тухайн өдөр бусдад давуу байдал олгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн төгссөн хугацааг зөв тооцоолох нь зүйтэй.   

4.2. Шүүгдэгч Г.Байгалмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, 

4.3. Шүүгдэгч Г.Цолмон, П.Мягмардорж, Ц.Баатарбилэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,   

4.4. Шүүгдэгч Б.Мөнхтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, 

4.5. Шүүгдэгч “НВЦ” ХХК, “Ган хүдэр орд” ХХК, “Инжир” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутай болохыг тогтоосон нь үндэслэлтэй. 

Харин хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд шүүгдэгч Г.Байгалмаагийн хуурамч бичиг баримт ашигласан гэх үйлдлийн хөөн хэлэлцэх хугацааг зөв тодорхойлох, зарим хөрөнгө орлого хураах асуудлыг хэрхэн шийдвэрлэх, зарим шүүгдэгч нарын гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон болон мөнгө угаах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн зөв хэрэглэх үндэслэл, шаардлага зөрчигдсөн байх тул тус шүүх зөвтгөх боломжгүй.  

Шүүгдэгч хуулийн этгээдийн мөнгө угаах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, түүний ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргасан тухайн шүүгдэгч хүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанаас хамаарах тул цогц байдлаар нэг мөр шийдвэрлэх үндэслэлтэй. 

Тав. Зарим шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хэвээр үлдээсэн талаар:  

5.1. Ц.Билгүүн, Н.Сүхболд нарт холбогдох гэмт хэрэг, шүүгдэгч Б.Мөнхтөрд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, “НВЦ” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдлийг  тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.    

Зургаа. Зарим шүүгдэгч болон хуулийн этгээдэд холбогдох хэргийг дахин гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй тул өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзсэн талаар:   

Улсын дээд шүүхийн тогтоолын дүгнэлт болон тогтоох хэсэгт өмнөх 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 704 дүгээр шийтгэх тогтоол, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 362 дугаар магадлалын тухайн шүүгдэгч нарын үйлдсэн “хахууль өгөх” гэмт хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг үгүйсгэн няцааж дүгнээгүй, өөрчлөлт оруулаагүй, хүчингүй болгоогүй байх тул анхан шатны шүүх сүүлчийн тогтоолоор дахин шүүгдэгч Б.Батбаатар, Ч.Өлзий, “Ган хүдэр орд” ХХК, “Инжир” ХХК-иудыг “хахууль өгөх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй буюу тухайн шүүгдэгч нарт холбогдох тухайн гэмт хэрэгт хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.     

 

Нийслэлийн эрүүгийн хэрийн давж заалдах шатны шүүхийн 

Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар 

Сэтгэгдэл