
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотыг зорьсон “МИАТ” ТӨХК-ийн ОМ904 дугаарын тусгай үүргийн нислэгийн аюулгүй байдлыг Эмиратын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хангасан бөгөөд уг нислэг 91 зорчигчтойгоор Дубай хотын Эль Мактум олон улсын нисэх онгоцны буудлаас Монголын цагаар өчигдөр орой 19:40 цагт хөөрч, өглөө үүрээр газардсан байна.
МИАТ ТӨХК-ийн зүгээс дайны бүсэд буй иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс 23 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг илгээсэн бөгөөд уг ажиллагааг United Arab Emirates Air Force болон Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулсан гэж мэдээллээ.
